
Эрх баригч МАН-ын нэлээд олон гишүүн сөрөг хүчний адил чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй ирцээр бойкот хийж буй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатар. Тэрээр яагаад хуралдаа суухгүй байгаагаа сэтгүүлдэд тайлбарлахдаа "Үндсэн гурван чиг үүргийг парламентын гишүүд хэрэгжүүлдэг.
Нэгдүгээрт, ард түмнийг төлөөлнө гэж тангараг өргөдөг.
Хоёрдугаарт, ард түмний эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийг парламент батлах ёстой.
Гуравдугаарт, төсвийн зардал үнэ дүнтэй зарцуулагдсан эсэх болон хууль тогтоомж хэрэгжиж байгаа дээр давхар хяналт тавьдаг. Тангараг өргөнө гэдэг өргөн цар хүрээ, агуулгатай. Харин өнөөдөр хэн өргөсөн тангаргаасаа няцсан гэдгийг үзэх хэрэгтэй. Төсвийн мөнгийг хятадын хөрөнгө оруулалтай сургуульд өгч байгаа нь өргөсөн тангарагт нь нийцэж байгаа үгүйг мэдэх хэрэгтэй.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан тухайн үед хийсэн мэдэгдлээ болон жагсаалтаар гарч ирсэн гишүүд, эмэгтэй гишүүдээс "Уучлалт хүсэж байна" гэдэг ганц өгүүлбэр хэлэхэд болох асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад хэлэхгүй байгаа. Уучлалт гуйхгүй бол чуулганд суухгүй гэсэн олон гишүүн байна. Өнөөдөртөө багтааж Л.Энх-Амгалан сайд өөрийн биеэр уучлалт гуйна гэж харж байгаа. Сайд намынхаа эрх ашгийг бодож уучлалт гуйх байх.
Миний зүгээс төсөвтэй холбоотой ямар нэгэн зүйл хэлэхгүй. З.Мэндсайхан сайдтай олон удаа уулзаж хувьчилж асууж тодрууласан учир төсвөөр улс төр хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж төсвийг шүүмжилж гоочилж ярих асуудал бол байдаг. Нэг талаараа хэвийн явагдаж байгаа зүйлийг хүртэл буруу, муу болгож харуулж чаддаг. Гэхдээ өнөөдөр тийм улс төр хэрэггүй гэж үзэж байна. Харин өнөөдөр тулгамдаж байгаа шатахууны асуудал цаашид үргэлжлэх шинжтэй байна. Эдгээр зүйл дээр онцгой анхаарах ёстой байхад төсвийн аль нэг өгүүлбэрийг авч шүүмжлэх нь утгагүй улс төр юм" гэлээ.