
Монголын улстөрчид муу аргандаа ч ёстой гаршиж байна даа. Юм л бол иргэдээрээ хэлэлцүүлнэ, ард түмнээсээ асууна гэдэг болж. Уг нь сонсоход их аятайхан үг. Төрийн шийдвэрт оролцоод ч байгаа юм шиг.
Гэвч эрх баригчид иргэдээс асуусан нэр зүүгээд элдэв шийдвэрээ хүч түрэн албажуулдаг болчихоод байна. “Санал асуулга”-ын үр дүн нэрийн дор “Та нар л шийдсэн” гээд татвар, хураамж хүртэл нэмдэг болтлоо дарамталж байна. Ер нь бол тэд асуудаг, бид хохирдог тийм нэг чөтгөрийн тойрогт орчихжээ.
Засгийн газар өнгөрөгч лхагва гарагт ээлжит нэгэн “Санал асуулга”-аа зарлалаа. Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгийг юунд зарцуулахыг ард түмнээсээ асуухаар болсон юм байна. Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр 14 хоногийн хугацаанд үргэлжлэх уг санал асуулгыг E-Mongolia-аар дамжуулж авах бөгөөд үр дүнг нь нэгтгэж УИХын Төсвийн ажлын хэсэгт хүлээлгэж өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл, ард түмэн ийм саналтай байна, албажуул гэж парламентыг шахна гээд ойлгочиход нэг их буруудахгүй байх аа. Шуудхан ингэж дүгнэсэн нь санал асуулгын гурван асуулт нь өөрөө эхнээсээ иргэдийн саналыг авах зорилгогүйг нь илтгээд байгаа юм.
1. Засгийн газар Оюутолгой төслөөс
ногдол ашиг авах нь зөв үү?
2. Оюутолгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл,
хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ
3.Оюутолгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?
Дээрх гурван асуултын хариултуудыг ч мөн тодорхой заагаад өгчихсөн. Гурван их наядын зарцуулалтад саналаа өгөхдөө эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр ложистик, нийгмийн дэд бүтэц (сургууль, цэцэрлэг, эмнэлэг) гэхчлэн Засгийн газрын бэлдсэн хариултаас л иргэд сонгох аж. Иргэдэд өөрсдөд нь санал гаргах эрх өгөхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө саналаас л сонголт хийлгүүлэх зорилготойг нь УИХ-ын гишүүд ч шүүмжлээд эхэлсэн.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
Хөтөлж байцаалт авна гэдэг шиг хөтөлж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой. Ийм хөтөлж байцаасан тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо боль. Иргэдээс асууж л байгаа юм бол иргэд хувьдаа дансандаа авах гэдэг сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуул. Тэгээд гарсан шийдвэрийг нь дага. Асууж л байгаа юм бол. Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга. Иргэд тэр ногдол ашгаараа өрөө төлнө үү, махаа авна уу, үр хүүхдүүддээ өгнө үү Засгийн газарт ямар ч падгүй.
Ө.Шижир гишүүний хэлсэнчлэн Засгийн газар “Санал асуулга” нэртэй ийм жүжиг яагаад дэглэх болов? Үнэндээ “Санал асуулга”-ын үр дүн гэсэн цаасаар гишүүдийн болон ард түмний амыг л таглах зорилготой байх. Инфляц өдөр ирэх тусам нэмэгдэж, иргэдийн амьдрал туйлдаж байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Тиймээс ч маш олон иргэн Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагссан. Мөн Төрийн ордонд ч ийм байр суурьтай гишүүн өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь л Засгийн газрыг гэнэт санал асуулга явуулчихъя гэсэн шийдвэрт хүргэсэн болов уу. Түүнээс Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахаа аль хэдийнэ төлөвлөчихсөн байсан нь Ерөнхий сайдын мэдэгдлээс тодорхой харагдана.
Ерөнхий сайд Н.Учрал
Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг дуусгаж Оюутолгойн ногдол ашгаа Монголдоо авч ирэхээр болсон. Ирэх онд монголчууд Оюутолгойн ордоосоо гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна. Үүнээс нэг их наяд төгрөгийг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэн бүрийн хуримтлалын санд оруулна. Иргэд өөрийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах эрхээ эдлэх боломжийг бодитойгоор нээнэ. Мөн ногдол ашгаа нэг удаа биш жил болгон авна. Монгол Улс мөнгөгүйн зовлонд унасаар байж болохгүй. Олсныхоо хэрээр үрдэг урьд өмнөх алдаагаа засаж өр биш өв үлдээж, ухаалаг, зөв ашиглах учиртай. Газрын баялгийн экспортын орлогоо өвлүүлж хуримтлуулж, өсгөж үржүүлж үлдэцтэй зөв зарцуулахын оронд үрж зарсаар ирсний үр дагаварыг өнөөдөр бид хамтдаа эдэлж байна. Өмнөхийн адил олсныхоо хэрээр үрвэл үнийн өсөлт огцом цойлж төгрөгийн ханш, айл өрх бүрийн цалин, орлого, тэтгэврийн худалдан авах чадварыг эрс сулруулах аюултай.
Ерөнхий сайд ийн мэдэгдсэнээс гадна УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсөв болон түүнийг дагалдуулан өргөн барьсан бусад хуулийн төслүүдэд ч тодорхой заалтууд орсон байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар бол Оюутолгойн ногдол ашиг бүхэлдээ Хуримтлалын санд төвлөрөх учиртай. Гэвч Засгийн газар нэг их наядыг нь Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядаар нь хөрөнгө оруулалт хийхээр төсөв өргөн барьчихсан байгаа. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэр тухай нэртэй хуулийн төсөл бүхэлдээ Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтыг зохицуулах агуулгатай байгаа юм. Тэнд туссанаар Оюутолгойн хоёр их наядын 40 орчим хувийг эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад, 29 хувийг боловсролын салбарт зарцуулж, үлдсэнийг нь малын вакцины үйлдвэр, хилийн боомтуудыг өргөжүүлэх зорилготой төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Өөрөөр хэлбэл, E-Mongolia-аар өнгөрсөн лхагва гарагаас эхлэн явуулсан “Санал асуулга”- ынхаа хариултуудыг УИХ-д төсөв өргөн барихдаа дагалдах хуульд нь суулгаад өгчихсөн байсан гэсэн үг. Тэгэхээр энэ санал асуулгын үр дүн үндсэндээ цаасан дээр буучихсантай адилхан юм.
Алаагүй баавгайн арьсыг арав хуваахын үлгэр гэгчээр Оюутолгойгоос орж ирээгүй байгаа ногдол ашгийг бид хэрхэх талаараа “Санал асуулга” хүртэл явуулж байна. Ногдол ашиг хэзээ хуваарилах, тэр нь гурван их наяд төгрөг байх эсэх гээд олон асуудал бий. Гэвч энэ бүхнийг түр мартаад “Санал асуулга” нэрийн дор улстөрчид ямархуу будлиан хутгаж ирснийг нэхэн нэг сануулах гээд үзье.
Ерөөс ард түмнээсээ асууна гэж хэлэхдээ улстөрчид хоёр зүйлийг л боддог юм шиг ээ. Санал асуулгыг үнэндээ шийдвэр гаргуулахад, эсвэл гаргасан шийвэрээ зөвтгөхөд л ашиглаж байна. Ийм нэгэн жишээ мөн л Оюутолгойтой холбогдоно. АНУ-д амьдарч байгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулахынхаа өмнө нэгэн санал асуулга зохион байгуулсан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалт нь зогсчихоод байгаа Оюутолгойг хөдөлгөхийг дэмжих үү гэсэн асуултад тусгай дугаарт мессежээр хариулт авсан бөгөөд хожим нь “Дубайн гэрээг байгуулахдаа яагаад Засгийн газраар хэлэлцүүлээгүй юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Засгийн газраар хэлэлцүүлснээс гадна ард түмнээсээ хүртэл асуусан. Мессежээр санал асуулга явуулахад 300 гаруй мянган иргэн саналаа өгснөөс 58.6 хувь нь Оюутолгойг явуул гэсэн байдаг юм” гэж ярьсан нь бий.
УИХ-аар Нээлттэй сонсгол зохион байгуулж, Оюутолгой дээрх өнөөдрийн олон маргаантай асуудлын суурийг тавьсан Дубайн гэрээг Монголын ард түмэн анхнаасаа санал асуулгаар дэмжсэн гэсэн байр суурийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ийн хэлчихсэн байдаг. Энэ бол “Санал асуулга”-ыг иргэдийнхээ саналыг авахад бус, гаргасан улс төрийн шийдвэрээ зөвтгөхөд ашиглаж буй сонгодог жишээ мөн болов уу. Үүнээс гадна улстөрчид санал асуулгыг шийдвэр гаргахдаа ашиглах хэрэгсэл болгосон жишээ маш олон бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хийхийн өмнө Төрийн ордонд Зөвлөлдөх санал асуулга гэж зохион байгуулж, нийгмийн зөвшилцөлд хүрчихсэн мэтээр харагдуулж байсан түүх Монголын улстөрчдөд бий.

Хэний сонгосон нь үл мэдэх хэсэг хүн танхимд цуглуулаад, эсвэл мессежээр, утсаар, цахимаар гэхчлэн санал асуулга явуулсан дүр үзүүлж, түүгээрээ түрий барин шийдвэр гаргах нь эргээд нийгэмдээ үр шимээ хүртээсэн нь үгүй. Харин үр шимийг нь санал асуулгыг санаачилсан хүн нь л хүртдэг нь ёс юм шиг тогтчихжээ. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа Ерөнхий сайд асан Г.Занданшатар бас санал асуулгыг ашигласан. 2026 оны төсвийг боловсруулахдаа E-Mongolia цахим системээр иргэдийн саналыг нь авснаас гадна төсвийн ерөнхийлөн захирагч нар иргэдтэй биечлэн уулзаж нийт 240 мянган иргэний төсөвт саналаа өгсөн гэж пиардаж байв. Түүний хэлснээр “Төсвийг юунд түлхүү зарцуулах ёстой вэ” гэсэн асуултад 129625 иргэн эрүүл мэндийн салбарт, 105295 иргэн боловсролын салбарт, 8810 иргэн эрчим хүчний салбарт гэж хариулсан гэдэг. Үр дүнд нь Г.Занданшатарын Засгийн газар 32.9 их наяд төгрөгийн зардалтай данхайсан төсвийг УИХаар батлуулж авч байв. Энэ төсөв нь иргэдэд “наалдаж”, эдийн засаг 5.7 хувиар өсөж, инфляцын түвшин 7 хувиас хэтрэхгүй гэж байсан боловч бодит байдалд юу болсныг та бид өнөөдөр амьдралаараа мэдэрч сууна.
Санал асуулга тойрсон улстөрчдийн булхай үүгээр дуусахгүй. Нийслэл бол бүр луйврын шинжтэйгээр ашиглаж дадсан. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр болохгүй, бүтэхгүй бүх шийдвэрээ санал асуулгын үр дүнгээр тайлбарлах нь бий. Өнгөрсөн өвөл, хаврын хоёр ч удаагийн урт хугацааны дугаарын хязгаарлалтыг хийхдээ “Иргэдийн олонх дэмжсэн” гэж гөрдөж байв. Сар шинийн баярын өмнөх дугаарын хязгаарлалт хийсэн шийдвэрээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Ulaanbaatar. mn сайтаар санал асуулга явуулахад 3013 иргэн оролцож, 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн учраас дугаарын хязгаарлалт хийхээр боллоо” гэж тайлбарлаж байсан удаатай. 1.5 сая давчихсан хүн амтай нийслэл хотынхны хөл дүүжлэх унааг хэдэн арван хоногоор хорих шийдвэр гаргахдаа ердөө 1.5 мянган хүний саналд үндэслэсэн гэдгээ өөрсдөө зарлаж байсан нь энэ. Энэ бол санал асуулга нэртэй луйврынх нь ердөө ганц жишээ.
Иргэд биднээс асуусан нэр зүүгээд эргээд биднийг хохироосон бүр ноцтой жишээ бол нийслэлийн авто тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэх шийдвэр. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай авто тээврийн хэрэгслийн татвар нэмэх шийдвэрийг санал асуулгын үр дүнд гаргасан гэдгээ УИХ-ын Байнгын хороонд албан ёсоор хэлсэн нь протколд хадгалагдан үлджээ. Тэрээр “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн албан татварыг дөрөв дахин нэмэхээр бэлтгэж байсан. Гэвч хэлэлцүүлэг явуулж 15 иргэнээс санал аваад тухайн хэмжээг эргэн харж үзээд гурав дахин нэмэгдүүлсэн. Ингээд 2024 оны арваннэгдүгээр сарын 18-нд тусгайлан санал асуулга явуулахад хоёр хүн дэмжихгүй гэсэн” гэж Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн асуултад хариулж байв.
Ердөө 15 хүн суулгаж хэлэлцүүлэг хийсэн болоод санал асуулга явуулахад хоёроос бусад нь дэмжсэн учраас та бидний төлөх татварыг гурав дахин нэмсэн гэж байгаа юм. Эндээс л санал асуулга гэдэг Монголын улстөрчдийн “гараар ороод” утгаа алдсан гэдгийг харж болж байна.
Иймээс ч улстөрчдийн явуулж буй болсон, болоогүй санал асуулгад одоо дахиж оролцох хэрэггүй гэж хэлмээр байна. Үнэхээр л санал асуулга явуулмаар байгаа бол 1995 онд анх баталж, 2016 онд шинэчилэн найруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа ашиглаж, хуулийн дагуу санал асуулгаа явуул. Өнөөг хүртэл ганц ч хэрэглэж үзээгүй байгаа энэ хуулиар явсан тохиолдолд л санал асуулгын үр дүнг хүчинтэй гэж хүлээн зөвшөөрдөг болъё.