
УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэгт "УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Иймд уг дүгнэлтийг УИХ 2025 оны 32 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн хуулийн 44.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулсан.
Үүнтэй уялдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсгийг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд нийцүүлэх хууль зүйн хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хэллээ.
Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.7 дахь хэсгийн "Орон нутгийн Хурлын төлөөлөгч" гэдгийг "аливаа этгээд" гэж өөрчлөн нэр дэвших ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хуулийн зарчим хангагдах ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.