
Францын концептуал урлагийн төлөөлөгч Софи Калле “Is It Better?” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Берлин хотын "Hamburger Bahnhof" орчин үеийн урлагийн музейд нээв. Энэ нь тус уран бүтээлчийн Берлинд 20 гаруй жилийн дараа гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд сүүлийн гучин жилийн хугацаанд туурвисан гэрэл зураг, бичвэр, инсталляц, видео бүтээлүүдээс бүрдсэн зургаан цувралыг толилуулж байна. Калле өөрийн бүтээлүүддээ дурсамж, хагацал, түүх, хүний хувийн амьдралын нууцлаг талыг заримдаа хошин, заримдаа сэтгэл түгшээсэн хэлбэрээр илэрхийлдэг.
Музейн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд зориулан Калле шинэ бүтээл туурвисан бөгөөд түүнийгээ музейн байнгын цуглуулгад хандивлахаар болжээ. Үзэсгэлэн 2027 оны дөрөвдүгээр сарын 4 хүртэл үргэлжилнэ.