
Оросын цэргийн тагнуулын газрын орлогч даргаар ажиллаж байсан генерал Москвад буудуулж, хүнд бэртсэн талаар албаныхан мэдээлжээ. Энэ нь дээд цэргийн удирдлагуудыг чиглэсэн хэд хэдэн халдлагын нэг болов.
Тодорхойгүй этгээд дэд генерал Владимир Алексеевыг Москва хотын Волоколамское замд байрлах орон сууцны байранд хэд хэдэн удаа буудсан гэж Оросын мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Оросын мөрдөн шалгах хороо хэрэг болсон газар ажиллаж, буудсан этгээдийг хайж байгаа бөгөөд дээд цэргийн албан тушаалтан руу халдах оролдлого гэсэн эрүүгийн хэрэг нээжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ халдлагын ард Украины засгийн газар байгаа гэж буруутгасан ч ямар нэгэн нотолгоо хэлээгүй байна. Украинчууд одоогоор буудлагын талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа юм.
Дэд генерал Владимир АлексеевДэд генерал Алексеевийг хотын эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж. Тэрээр 64 настай бөгөөд Оросын ГРУ-ийн анхны орлогч дарга юм.
Алексеевийг 2016 онд АНУ-ын сонгуулийн үйл ажиллагааг саармагжуулах чиглэлтэй кибер халдлагад оролцсон тул АНУ хориг арга хэмжээ авсан. 2019 онд Британи улсад болсон Солсбери дэх мэдрэлийн хорны халдлага гэх хэргийн дараа Европын холбоо мөн хориг арга хэмжээ авсан.
Тэрээр Украин дахь дайнд чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2022 онд Мариуполийг эзэлсэн үеийн нууц хэлэлцээний төлөөлөгчдийн нэг байсан. Украин түүний эсрэг “Иргэдийн эсрэг агаарын болон пуужингийн цохилт зохион байгуулах эх өгөгдлийг бэлтгэх” болон “эзлэгдсэн газар нутгийн хууль бус референдумыг зохион байгуулах” зэрэг гэмт хэргүүдэд буруутгадаг. Мөн Сирид гаргасан дайны гэмт хэрэгт оролцсон гэж буруутгадаг.
2023 онд Алексеевийг Вагнер хувийн цэргийн бүлгийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинтэй хэлэлцээр хийхээр илгээсэн байдаг. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ халдлагыг тагнуулын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд үр дүнг ерөнхийлөгч Путинд мэдээлнэ гэж мэдэгдсэн.
Песков генерал болон өндөр ур чадвартай цэргийн удирдагчид дайны үед эрсдэлд өртдөг гэж хэлсэн бөгөөд тэдний орон сууцны аюулгүй байдал нь тагнуулын байгууллагын асуудал гэдгийг мөн тэмдэглэжээ.