
Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит U-15 насны өсвөрийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Нээлттэй хэлбэрээр тав дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” ордонд энэ сарын 11-нд болно. Сумо бөхөөр хичээллэх сонирхолтой өсвөр насны хүүхдүүдийг нээж, Японд мэдлэг боловсрол эзэмших боломжийг олгох, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээний U15 насны ангилалд амжилттай оролцсон 1-2 хүүхдийг шалгаруулан Японы “Niinagakuen Asahigaoka” ахлах сургуульд гурав, их сургуульд дөрөв, нийт долоон жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм.
Нэрэмжит тэмцээнээ хийх гэж буй Токүсэгава Б.Ганболд мэргэжлийн сумогийн макүүчи зиндааны маэгаширагийн нэгдүгээрт жагсан барилдаж байв. Энэ нь түүний дээд амжилт юм. 2003 оны долоодугаар сарын Хацү башёд анх сумогийн дэвжээнд гарсан тэрбээр 2010 оны гуравдугаар сараас макүүчи зиндаанд дэвшсэн юм. Түүний хувьд макүүшита, санданмэ зиндаанд тус бүр нэг удаа түрүүлсэн. Замналынхаа турш 223 удаа ялж, 163 удаа ялагдсан үзүүлэлттэйгээ сумог орхисон байна. Макүүчи зиндаанд зургаан башё барилдахдаа тавд нь качигоши буюу тавин хувийн амжилт үзүүлжээ.
2011 оны нэгдүгээр сард есөн даваа авсан Токүсэгава Б.Ганболд гуравдугаар сарын тэмцээнийг өнжиж, тавдугаар сарын банцүкэгаар маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ч зодог тайлах шийдвэх гаргасан юм. Тавдугаар сард сумогоос зодог тайлсан тэрбээр эх орондоо ирж, 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлснээр аймгийн арслан цол хүртжээ.
