
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14 427 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11 689, орон нутагт 2 733 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 24-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12-оор нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тухайлбал, нийслэлд 23 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5249 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3529, 5-9 насны 1843 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалаарай.