
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн өөрчлөлт маш их хүлээлттэй байгаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, гаднын хөрөнгө оруулалтыг татах суурь салбар бол уул уурхай.
АМНАТ-ийн хуваарилалтыг аймагт нь, суманд нь олгодог болно. Өөрөөр хэлбэл, шударгаар хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллаж байгаа орон нутагт илүү давуу тал олгодог зохицуулалт хийнэ. Ашигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихгүй байгаа боловч ижилхэн орлого хүртдэг байдлыг хална. Уул уурхайн төслүүдтэй хамтарч ажиллаж, нийгмийн ойлголцол хийж чадаж байгаа, хариуцлагатай уул уурхайн шаардлагыг хамтарч хэрэгжүүлж байгаа сум орон нутаг АМНАТ-ийн хуваарилалтаас илүү ихийг авдаг болно гэсэн үг. Одоогийн байдлаар АМНАТ-ын нийт орлогын 10 хувийг орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилж байгаа бол шинэ хуулийн төслөөр 15 хувийг орон нутгийн санд хуваарилна. Ингэхдээ зөвхөн аймагт нь өгөөд орхидог байсан бол одоо хүн ам, газар нутгийн алслагдсан байдал, лицензийн тоо хариуцлагатай уул уурхайтай хамтарч ажиллаж байгаа эсэх гэсэн таван нөхцлөөр үнэлж тухайн суманд нь олгодог зохицуулалт руу орж байна. Хуучин уул уурхайг дэмжиж хамтарч ажиллаж чадаж байгаа аймгуудад танайх уул уурхайтай учраас илүү олгох боломжгүй гэдэг байсан. Аймаг дотроо сумд руугаа хуваарилахдаа ийм зарчмаар явж байсан учраас Ашигт малтмалын салбар луу ирсэн байгалийн баялгийн үндсэрхэг үзэл их байсан.
АМНАТ-ийн орлогоос дахиад 200 гаруй тэрбум төгрөг орон нутагт очих зохицуулалт хийнэ. Сум, аймаг өөрийгөө хөгжүүлэх, сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг шийдэх боломжтой болно.
Дараагийн томоохон өөрчлөлт бол зэсийн салбар. Монгол Улсын эдийн засаг өөрөө нүүрсэд суурилсан эдийн засаг болчихоод байна. 2025 онд зэсийн үнийн огцом өсөлтөөс шалтгаалж зэсээс орж ирж байгаа орлого нүүрсний орлогыг анх удаагаа давсан. Бид зэстэй орон гэдэг хэдий ч хоёр төсөл үйл ажиллагаа явуулдаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 21.63 хувийн АМНАТ төлж байгаа.
Хоёрдугаарт, Оюутолгой. Оюутолгой тогтвортой байдлын гэрээгээр таван хувийн АМНАТ төлөөд явж байгаа. Тиймээс бид зэсэн дээр АМНАТ-ийг бууруулснаар зэсийн салбар хөдөлж эхэлнэ. Ингэснээр бэлэн хүлээгдэж байгаа 10 гаруй төслөө хөдөлгөнө. Цаашлаад зэсийн экспорт 50 хувиар нэмэгдэнэ. Зэсийн салбар манай эдийн засгийн хоёр дахь суурь салбар" гэв.