
Засгийн газраас байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл хуралдлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан уг зөвлөл нь шатахууны үнэ хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 автобензиний үнийн асуудлыг хэлэлцжээ.
Хуралдааны үеэр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, үнийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой бодит нөхцөл, шийдлийн талаар санал солилцсон байна. Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлөхийг онцолж, шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдийг ашгаа бус иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриалжээ.
Мөн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хөндөхдөө аудитын дүгнэлт, тооцоо судалгаанд тулгуурласан, баримттай саналыг албан ёсоор танилцуулах шаардлагатайг хэлсэн байна. Тэрээр Монгол Улс ОХУ-аас шатахууныг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээг 2026 оныг дуустал байгуулсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдан, энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсан ч үнэ тогтвортой байх болмжтойг онцоллоо.
Түүнчлэн Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлуудыг шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг хэлжээ.
Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах зөвлөмжийг гаргахаар тогтсон байна. Үүнд:
1. АИ-92 төрлийн автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах;
2. АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх;
3. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллах;
4. Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.