
Өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадна талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл цугларч Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учралаас шаардав.
Жагсагчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдаад 10 жил өнгөрч байгаа ч бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдын ажлын байр, хүртээмжтэй боловсрол эзэмших эрх бүрэн хангагдахгүй байгаад тэд сэтгэл дундуур байна.
Мөн 60 гаруй жилийн түүхтэй хараагүйчүүдийн үйлдвэр, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоохыг оролдож байгаа бусармаг үйлдлээ зогсоохыг салбарын сайдаас хүсэв.
Үүгээр зогсохгүй Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын зарим дарга нарыг огцруулахыг тэд шаарддаа.
Цугласан иргэдээс гурав нь өнөөдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэв. Сайд Т.Аубакирыг 48 цагийн дотор арга хэмжээ авч, огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.


