
Apple компани Сириг сайжруулахаар удаан хугацаанд ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн үед Google-тэй хамтран ажиллахаа ч зарлаад байгаа.
Шинэ, харьцангуй хямд гэгдэж буй iPhone болон одоогийн хувилбарынх нь гол сул тал болсон Сириг засаж шинэчлэснээр худалдаанд гарна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр Apple компани iPhone 17e загварыг танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн iPhone 16e-ийн залгамж хувилбар юм. 16e нь хуучин техник хангамж ашигласан учир үнийг нь бууруулсан загвар байсан юм.
Шинэ iPhone 17e нь iPhone 17-той адил сайжруулсан процессор, мөн Apple-ийн өөрийн бүтээсэн үүрэн холбоо болон Wi-Fi чипүүдтэй байх аж. Мөн хямд загварууд нь анх удаа MagSafe утасгүй цэнэглэлтийг дэмжинэ гэжээ. Худалдаанд гарах үнэ нь 599 ам.доллар байх аж.
Apple компани 2024 оны зун болсон Worldwide Developers Conference (WWDC) дээр анх танилцуулсан Сиригийн шинэ боломжуудыг багтаасан программ хангамжийн шинэчлэлийг гаргахаар төлөвлөж байна.
Эдгээр шинэчлэлд:
- “Хувийн хэрэгцээнд (personal context)” ашиглах боломж буюу утсан дээрх бусад өгөгдлөөс мэдээлэл авч асуултад илүү оновчтой хариулах,
- Дэлгэц дээр болж буй зүйлийг харж, удирдах чадвар зэрэг багтана.
Apple эдгээр шинэчлэлээ Apple Intelligence хэмээх санаачилгын хүрээнд сүр дуулиантайгаар танилцуулсан ч, түүнээс хойш бодит хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхдээ бэрхшээлтэй тулгарсан. Үүний улмаас компани хиймэл оюун ухааны талаар хэт өөдрөг амлалт өгсөн, өрсөлдөгчдөөсөө хоцорч байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Сүүлийн хугацаанд Apple-ийн хиймэл оюун ухааны хэлтэст олон өөрчлөлт гарч, тэр дундаа уг салбарыг хариуцаж байсан зарим удирдлагууд ажлаасаа гарсан байна. Мөн Сириг сайжруулах зорилгоор Google-тэй томоохон хамтын ажиллагаа эхлүүлснээ зарласан ч, түүний бодит үр дүн хэзээ хэрэглэгчдэд хүрэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.