
Улс төрийн намын тухай хуульд дүрэм, хөтөлбөрөө нийцүүлэх өргөдөл өгсөн 29 намаас одоогоор Дээд шүүх долоог нь бүртгээд байна.
Хамгийн сүүлд энэ сарын 23-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, парламентад суудалтай ИЗНН, ХҮН, МНН болон бусад 10 намын өргөдлийг хэлэлцсэн юм. Ингэхдээ хоёр намын дүрмийг хуульд нийцсэн гэж үзээд бүртгэхээр шийдвэрлэжээ. Харин ХҮН, Монголын ардчилсан хөдөлгөөний намын зөвхөн даргыг бүртгэж, дүрмийг нь буцаасан байна. Эдгээрээс хамгийн өргөн хүрээний дотоод өөрчлөлтийг АН хийх гэж буй. Учир нь тус намынхан дүрэмдээ хуульд нийцүүлэн жижиг өөрчлөлт оруулах бус бүхэлд нь шинэчлэн найруулсан аж. Тиймээс шинэ дүрмийнхээ дагуу бүх шатандаа дотоод сонгууль явуулахаа мэдэгдсэн. Харин эрх баригч намынхан дүрмээ батлахтайгаа зэрэгцээд зарим дотоод өөрчлөлтөө хийчихсэн тул одоогоор өөр хөдөлгөөн хийхгүй гэв. МҮАН-ынхан бага зэрэг “засвар” хийхээр төлөвлөсөн байна. Тэгвэл парламентад суудалтай намуудын дотоодод ил, далд ямар ажил өрнөж байна вэ.
Юуны өмнө АН-ынхан шинэчлэн найруулсан дүрэмдээ дотоод бүтцээ нийцүүлэх далайцтай хөдөлгөөн өрнүүлэх нь. Тус намын Удирдах зөвлөл нэгдүгээр сарын дундуур хуралдаж, ямар ажлуудыг хэрхэн хийх хуваариа баталжээ. Шинэ дүрмийг нь Дээд шүүх баталгаажуулахтай зэрэгцээд 15 дэд дарга, ерөнхий болон бусад нарийн бичгийн дарга нь чөлөөлөгдсөнд тооцогдов. Тиймээс намын дотоод сонгуулийг зохион байгуулах, Их хурлаар үүнийг батламжлах хүртэл түр ерөнхий нарийн бичгийн дарга томилсон аж. Тэр нь 1996 оноос хойш уг намын дотоод аппаратад ажиллаж байсан Д.Амарбаясгалан гэдэг хүн. Олон нийтийн хувьд бол төдийлөн танил биш энэ эрхэм “гал тогоогоо” барих юм байна. Тэд хамгийн түрүүнд намын гишүүнчлэлээ шинэчлэн бүртгэнэ. Хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 10-нд ХУР, ДАН, “И-Монголиа” систем ашиглан энэ ажлаа амжуулах бөгөөд гишүүддээ “Democracy passport” хэмээх алтан гэрэгэний лого бүхий үнэмлэх олгохоор төлөвлөжээ. Ингэснээрээ гишүүд нь зөвхөн нэг намын бус, ардчилсан үзэл баримтлалыг сурталчлан таниулагч болох гэнэ. Ер нь гэрэгэг онцгойлон бэлгэдэл болгож буй бололтой юм. АН-ын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэнг “Гэрэгэ” нэртэй болгож өөрчлөн, гүйцэтгэх захирлаар нь хуульч Х.Номингэрэлийг томилсон нь үүний баталгаа. Тус судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Б.Жаргалан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, гишүүн асан З.Нарантуяа, АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимиддорж, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар багтжээ. Одоо ахин гурван хүн сонгох дутуу байгаа аж.
Гишүүнчлэлээ баталгаажуулсны дараа буюу гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сар хүртэл дотоод сонгуулиа явуулж, бүх шатны намын хороодын даргаа сонгоно. Ингээд Их хурлаа дөрөвдүгээр сарын 7, 8-нд хийж, шинэ бүрэлдэхүүнээ баталгаажуулах нь. Мөн АН-ын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүдийг шинээр сонгоно. Дунд шатнаас нэр дэвшүүлсэн хүмүүс ҮБХ-ны гишүүнд өрсөлддөг учраас АН-ын фракцуудын дунд дотоод сонгууль маш өрсөлдөөнтэй өрнөх бололтой. Х.Баттулгын МоАХ фракцынхан Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тусгайлан менежер томилон ажиллуулж эхэлсэн сурагтай. Мөн Их хурлаараа дэд дарга нараа сонгох юм. Л.Гантөмөрийн үед тус намынхан хоёр жил гаруйн талцалдаа цэг тавих гэж оролдож байсан тул фракцуудаа “зангидах”-ын тулд 15 дэд даргын орон тоо бий болгож, бүгдийг нь удирдлагад багтааж байв. Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, тус намынхан харьцангуй эвтэй болсон тул ийм олон дэд дарга хэрэггүй, тав байхад болно гэж үзжээ. Түүнчлэн цаашид албан ёсоор ажиллах генсекээ томилно. Иймэрхүү хөдөлгөөнийг сөрөг хүчнийхэн хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байна. Хөлөөсөө толгой хүртэл шинэчлэгдэж авсны дараа тэд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүх анхаарлаа төвлөрүүлэх аж.
МҮАН, Монголын ногоон нам хамтарч Үндэсний эвсэл байгуулан сонгуульд оролцож, эдүгээ парламентад дөрвөн суудалтай болсон. Тэднээс МҮАН түрүүлж Дээд шүүхийн шаардлагыг хангажээ. Тэд шинэ үндсэн дүрмийнхээ хүрээнд намын гишүүдээ дахин бүртгэх нь. Мөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилнэ. Эдгээр ажлыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ. МҮАН бол АН-аас “мэндэлсэн” нам. 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл оролцон, 35 суудалтай болсон. Мөн уг эвсэл МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулж байв. Гэвч гүйцэтгэх засаглалаас бусад намыг “гаргасны” дараа уг эвсэл задарсан. Ялангуяа АН-аас Ж.Наранцацралт, М.Энхсайхан тэргүүтэн өрх тусгаарлаж, Үндэсний шинэ намыг байгуулж байлаа. Хожим уг нам “Монголын үндэсний ардчилсан” болж нэрээ сольсон юм. 2012 онд тус намынхан одоогийн МАН-аас салсан МАХН-тай хамтарч, “Шударга ёс” эвсэл байгуулан орлцож, 11 суудал авсан. Харин 2024 онд МНН-тай Үндэсний эвсэл байгуулж, одоо гурав дахь удаагаа парламентад төлөөлөлтэй ажиллаж буй. Харин МНН бол 1990 онд байгуулагдсан, Дээд шүүхэд бүртгэсэн дарааллаар дээрээсээ гуравдугаарт эрэмбэлэгддэг “хуучны” нам. Өмнө нь тус намыг Д.Энхбат нэг удаа парламентад төлөөлж байсан билээ.
Парламентад суудалтай намууд энэ мэтээр бага зэрэг өөрчлөлт дотооддоо хийх юм байна. Гэхдээ олон нийтийн хувьд жижиг намуудын өөрчлөлт төдийлөн анхаарал татдаггүй. Тэд хоорондоо муудалцсан ч “газар авахгүй”. Харин том намууд АН, ялангуяа эрх баригч МАН-ынхан дотроо талцвал яаж улс орныг хөлдөө чирдгийг бид хангалттай харсан. Тиймээс эдгээрт дахин “газар хөдлөлт” болохгүй, тогооноосоо халилгүй өөрчлөлтөө хийгээсэй гэж олон нийт хүсэж байгаа.
С.Туул