
УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжилгүй унагаж, хууль санаачлагчид нь буцаалаа. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Энэ маш чухал хууль. Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний 100 хувь хараат байдлаас ангижрах ёстой. Энэ гарц нь нефть боловсруулах үйлдвэр. Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил гадаад зээлийн харьцаа хэмжээнээсээ шалтгаалаад зээлээ ашиглаж чадахгүй байгаа. Энэ зээлийн түгжээг гаргах санал хураалт яваад дэмжигдсэнгүй. Салбарын сайдын хувьд сэтгэл дундуур байна. Одоогийн горимоороо явбал энэ үйлдвэрийн ажил 10, 20 жил болно. Яагаад гэхээр зээлээ бүтэн ашиглаж чадахгүй байна. Энэ хуулийг гишүүд өргөн барьсан байсан одоо Засгийн газраас яаралтайгаар өргөн барих бодолтой байна. Хуулийн төсөл дэмжигдэхгүй буцаагдчихаар нэг жил өргөн барих боломжгүй дэгтэй. Гэхдээ тусад нь өргөн барих хуулийн өөр гарц олно" гэлээ.