
Америкийн Сан-Франциско хотын "Орчин үеийн урлагийн музей"-д Францын нэрт зураач Анри Матиссын “Femme au chapeau” буюу “Малгайтай эмэгтэй” бүтээлд зориулсан “Matisse’s Femme au chapeau: A Modern Scandal” үзэсгэлэнг толилуулж буй билээ.
Уг үзэсгэлэнг энэ сарын 13 хүртэл гаргахаар төлөвлөж байсан боловч үзэгчдийн хүсэлтээр есдүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааг сунгажээ.
Тус үзэсгэлэнд 1900-аад оны эхэн үеэс өнөөг хүртэлх 40 гаруй уран бүтээлчийн 90 орчим бүтээл багтсан байна. Үзэсгэлэн нь Матиссын "Малгайтай эмэгтэй" бүтээл хэрхэн модерн урлагийн түүхэнд чухал байр суурь эзлэх болсон, мөн дараагийн үеийн уран бүтээлчдэд ямар нөлөө үзүүлснийг харуулж буйгаараа онцлогтой.

“Малгайтай эмэгтэй” нь Матиссын 1905 онд зурсан, эхнэр Амели Матиссын хөрөг бөгөөд тод, бодит бус өнгө, чөлөөт бийрийн тавилтаараа тухайн үеийн уламжлалт хөрөг зургийн ойлголтыг эрс зөрчсөн бүтээл юм. Тус зураг 1905 оны Парисын "Намрын салон"-д анх дэлгэгдэхдээ ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд Матисс болон түүний үеийн уран бүтээлчдийн тод өнгийн бүтээлүүдээс үүдэн фовизм хэмээх урсгалын нэр тогтсон түүхтэй.