
Индонезид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хүүхэд асрах төвд хүүхдүүдийг хүчирхийлж, хайхрамжгүй хандсан хэрэгт тус төвийн эрхлэгчээр ажиллаж байсан этгээдэд таван жилийн хорих ял оноожээ.
Дөрөвдүгээр сард Йогьякарта хотын “Little Aresha” хүүхэд асрах төвд цагдаа нар нэгжлэг хийх үеэр тус төвийн доторх хүчирхийллийн нөхцөл байдал ил болсон юм. Тэнд бага насны хүүхдүүдийн гар, хөлийг даавуугаар хүлсэн байжээ.
Энэ хэрэг улс даяар бухимдал үүсгэж Индонезийн хүүхэд асрах төвүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Эрх баригчдын мэдээлснээр, тус улсын олон хүүхэд асрах төв зохих зөвшөөрөлгүй ажилладаг аж.
“Little Aresha” төвийн эрхлэгч Анита Палупи Индасари нь тус төвийн 11 ажилтан болон төвийг ажиллуулдаг сангийн тэргүүний хамт хэрэгт холбогдон яллагдсан юм.
Йогьякарта хотын шүүгч Сунарянто Анитаг хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийг удаа дараа үйлдэхийг зөвшөөрсөн хэрэгт нь ял оноож буйгаа мэдэгдэв. Шүүгч мөн Анитад 510 сая рупи буюу 27 900 ам.долларын торгууль ногдуулжээ. Торгуулийг төлөөгүй тохиолдолд түүний эд хөрөнгийг хурааж, дуудлага худалдаагаар борлуулах юм.
Гэвч хохирогч хүүхдүүдийн зарим эцэг эх шүүхийн шийдвэрийг хангалтгүй гэж үзжээ. Прокурорууд анх 10 жилийн хорих ял хүсэж байсан бол шүүх үүний талтай тэнцэх ял оноосон нь хүүхдүүдийн сэтгэл санаанд учирсан хүнд гэмтэл, хохиролтой дүйцэхгүй байна гэж тэд үзсэн байна.
Пүрэв гарагийн шүүх хуралд оролцсон эцэг эхийн нэг Три Сусилавати прокуроруудыг давж заалдах хүсэлт гаргахыг уриалж, “Тэдний хүүхдүүдэд хийсэн зүйлд энэ ял шийтгэл хангалтгүй” гэж мэдэгджээ.
“Little Aresha” сангийн тэргүүн Дия Кусумастути энэ оны эхээр шүүхээр шийтгүүлж, 10 жилийн хорих ял авсан байна. Тус төвд ажиллаж байсан 11 хүүхэд асрагч тус бүр хоёроос гурван жилийн хорих ял авсан нь прокуроруудын хүссэн таван жилийн ялаас бага байжээ.
Цагдаагийн тооцоогоор тус төвд байсан 103 хүүхдийн 53 нь зүй бус харьцаанд өртжээ. Мөн ойролцоогоор 3х3 метр хэмжээтэй жижиг өрөөнүүдэд 20 хүртэл хүүхдийг чихэлдүүлэн байрлуулсан байсныг илрүүлжээ.
Йогьякарта хотын цагдаагийн дарга Эва Гуна Пандиа тухайн үед ажилтнууд зарим хүүхдийг бусдад саад болохгүй байлгахын тулд хүлдэг байсан гэж AFP агентлаг мэдээлсэн байна.