
Иран улс энэ жил хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох боломжгүй байж магадгүй гэж тус улсын Спорт, залуучуудын сайд Ахмад Донямали мэдэгдлээ.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ нь АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нд эхэлнэ.
Иран баг хэсгийн шатанд:
Гэвч Израил болон АНУ Иранд цохилт өгч, дээд удирдагч Али Хаменей амиа алдсаны дараа нөхцөл байдал хурцадсан. Иран хариуд нь Израил болон АНУ-ын цэргийн бааз байрладаг орнууд руу пуужин, дроноор довтолсон.
Ийм нөхцөлд Ираны багийн аюулгүй байдал хангагдахгүй гэж сайд Донямали мэдэгджээ.
Тэрээр “Манай удирдагчийг энэ авлигад идэгдсэн засгийн газар хөнөөсөн нөхцөлд бид ДАШТ-д оролцох боломжгүй” гээд “Сүүлийн найм есөн сарын хугацаанд бидэнд хоёр дайн тулгасан. Олон мянган хүн амиа алдсан. Иймээс бид тэмцээнд оролцох боломжгүй” гэж нэмж хэлжээ.
Харин ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны багийг ДАШТ-д оролцохыг “тавтай морил” хэмээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн.
ФИФА одоогоор Иран төлөвлөгөөний дагуу тоглоно гэсэн байр суурьтай хэвээр байгаа аж. Гэвч Иран үнэхээр татгалзвал ФИФА өөр багийг орлуулах эрхтэй. Орлон тоглох магадлалтай хувилбаруудын дунд Ирак, АНЭУ зэрэг Азийн бүсийн багууд яригдаж байна.
Иран өмнө нь 1982 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Кувейттэй тоглохоос татгалзсан. Үүний улмаас тэд 1986 оны ДАШТ-д ФИФА-аас хориглогдож байсан түүх бий.
Одоогоор шийдвэр эцэслэгдээгүй бөгөөд сарын сүүлээр болох плей-офф тоглолтуудын дараа байдал тодорхой болох юм.