
Улс төр хэт халж байна. МАН-ын даргын төлөөх тэмцэл Тусгаар тогтнолын ордноос хальж, Төрийн ордонд үргэлжилж эхэллээ. Өөрөөр хэлбэл, одоо МАН-ын биш, Монголын зовлон болж эхэлсэн гэсэн үг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр УИХ-ын Байнгын хороод сөргөлдөгч талуудаас болж ирцийн бойкотод аль эрт орчихсон. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдах гээд чадаагүйг Засгийн газраас санаатай явуулсан үйлдэл гэж спикер мэдэгдээд байгаа билээ. Нөгөө талдаа Д.Амарбаясгаланг холбогдож буй хэргүүдээ шалгуулж дуустал чуулганы хуралдаан удирдах эрхгүй гэж АН-ынхан үзэж буй. Энэ бүх нөхцөл байдал гэхдээ ердөө эхлэл нь байжээ. Ердөө 100 гаруйхан хоногийн өмнө томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг санаачилж, өөрийн албан бланк дээр гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдлаа. Одоогоор 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх бөгөөд энэ үнэн бол аль хэдийнэ хуулийн босгоо давжээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. Тэгэхээр 40 гишүүн гэдэг дөрөвний нэгийн босгыг аль хэдийнэ давсан гэсэн үг. Хэрэв энэхүү тогтоолын төслөө өргөн баривал УИХ хэлэлцэж эхлэх нь өөрөө Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг нь.
Тэгвэл ажиллаж эхлээд 100 гаруйхан хонож буй Засгийн газар танхимдаа сэлгээ хийхээр болсныг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдээд байгаа. Үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор болсон бөгөөд парламентад ирэх баасан гарагт танилцуулж, тангараг өргүүлэх тов тогтжээ. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах төсөл УИХ-д өргөн баригвал Б.Энхбаярын томилгооноос өмнө гүйцэтгэх засаглалын хувь заяаг парламент дэнсэлж мэдэх юм.
Энэ процесс тийм ч амархан дуусчихгүй гэсэн мэдээлэл ч бас явж буйг эцэст нь тодотгоё. Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих, нөгөө талаар УИХ-ын даргад хариуцлага тооцож огцруулах бичиг ч төслийн хэмжээнд бэлэн болсон гэх мэдээллүүд байгаа юм.