
Ерөнхий сайд Н.Учрал ойрын үед Япон улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын Байнгын хороодоор өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг хэлэлцлээ.
Байнгын хороодын хуралдааны үеэр УИХ-ын гишүүд "Хуучин олон улсын нисэх буудал "Буянт-Ухаа"-г орон нутгийн нислэгт ашиглах хэрэгтэй. Иргэд орон нутаг руу нисэхийн тулд Төв аймгийн Сэргэлэн сум руу хол явж байж нисэх шаардлагатай болдог. Тиймээс "Чингис хаан" олон улсын нисэх буудлын концессыг эзэмшиж буй Японы талтай хэлэлцээ хийж орон нутгийн нислэгээ "Буянт-Ухаа" руу шилжүүлэх шаардлагатай байна" гэсэн юм. Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай "Энэ асуудлаар Ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа" гэв. Ерөнхий сайдын Япон улсад хийх айлчлалын үеэр дээрх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бололтой.