
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өчигдөр/2026.02.04/ болсон ээлжит хурлаар болзол хангасан хурдан морь, жороо морины уяачид, үндэсний шагайн харваачдад улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Г.Ялалт “Мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судлан үзэж болзол хангасан уяачдад цол олгоход бэлтгэж байна. Жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болсон. Уяачдад улсын цол олгохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн, тогтоосон болзлыг бүрэн хангасан уяачдыг шалгуурын дагуу үнэлж, шийдвэрлэхээр тусгасан. Энэ дагуу мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судалж, болзол хангасан уяачдад цол олгуулахаар танилцуулж байна” гэлээ.
Улмаар үндэсний их баяр наадмаар улсын цолны болзол хангасан хурдан морины уяач, жороо морины уяач, үндэсний шагайн харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр боллоо.
