
Дуурийн өлгий Италид Монголын дуучид шил шилээ даран дуулж эхэллээ. Ардын жүжигчин Э.Амартүвшин 2015 онд "BBC Cardiff Singer of the World" уралдааны шилдэг таван дуучны нэгээр шалгарч, мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан нь Монголын дуучдын цар хүрээг дэлхийн дуурийн урлагт үнэлүүлж чадсан билээ. Энэ үеэс эхлэн манай дуучид Европын өндөр босготой дуурийн театрт ээлжлэн дуулсаар байна. Э.Амартүвшинээс гадна гавьяат жүжигчин Ч.Бадрал ч Европын хэд хэдэн театрт дуулаад эхэлсэн билээ.
УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар энэ сараас эхлэн Италийн театрт дуулах эхлэлээ тавилаа. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас чамгүй олон шагнал хүртэж байсан О.Хүрэлбаатар Ардын жүжигчин А.Бүтэдийн шавь билээ. О.Хүрэлбаатар суут хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн төрсөн нутагт, түүний алдарт “Набукко” дуурьт басс хоолойн хамгийн том дүр болох Заккариагийн дүрийг амилуулж байна. Тэрээр ирэх саруудад Италийн задгай театрт “Набукко”-гаас гадна “Турандот” дуурьт дуулна. Мөн энэ зун Сицилид дуурийн фестивалийг Ж.Вердийн "Набукко" дууриар нээхэд гол дүрүүдэд Ч.Бадрал, О.Хүрэлбаатар нар дуулахаар болжээ.
Гавьяат жүжигчин Ч.Бадрал
2019 онд алдарт Арена ди Веронад анх Э.Амартүвшингээ дагаж дуулж байсан бол, одоо дахин нэг монгол дуучнаа дагуулж гарах хариуцлага иржээ. Хүний газар нэг нэгэндээ чадахаараа тустай дэмтэй явахсан гэж боддог. Цаашид ч гэсэн хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ зориулах залуусдаа чадах зүйлээрээ тусална. Монголын дуучид толгой өндөр байг ээ.
Э.Анхбаярын энэ зуны тоглолт “Набукко” дууриар эхэлнэ
Олон улсын дуурийн нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож байсан Соёлын элч, дуурийн дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаяр Италийн театрт дуулж эхэлсэн. Түүний энэ сарын тоглолт Савона хотод болох Ж.Вердийн “Набукко” дууриар эхэлж байна. Мөн “Аиди”, “Травиата”, “Риголетто”, “Турандот” дуурьт энэ зун дуулах хуваарь гарсан. Харин арваннэгдүгээр сард Модена хотод Ж.Вердийн “Аиди” дууриар тоглолтын хаалтыг хийхээр болжээ. Соёлын элч Э.Анхбаяр 2023 онд Италийн задгай театрт “Кармен” дуурьт дуулж байсан бол энэ зун аялан тоглолтоор олон хотуудад тоглохоор болжээ.
Монголын дуучид дуурийн өлгий Италид хүрч шил шилээ даран дуулж эхэллээ. Дэлхийн сая сая жуулчдыг татдаг эртний задгай театрын тоглолтын улирал эхэлсэн энэ үед алдарт дууриуд эгшиглэж байна. Харин Монголын дуучид эдгээрт дуурьт дуулж байгаа нь бүр бахархалтай.
