
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг талууд тэмдэглэлээ.
Мөн талууд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал” болон байгууллага хоорондын баримт бичиг байгуулсан нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгож байгааг онцоллоо.
Айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д гарын үсэг зурж, ирэх он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Мөн хамгийн чухал зүйл бол “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны эрх зүйн бат бөх үндэс суурийг тавьж чадлаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, оюуны өмч зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичиг байгуулсан билээ.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын дүнгээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичгийг нэмж байгууллаа.
Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Айлчлалын үеэр зохион байгуулж буй “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Беларусь Улс нь манай улсын хувьд Европын зах зээл рүү гарах тээвэр, логистикийн чухал гарц болж байдаг бол Беларусь Улс нь манай улсыг Азийн зах зээл рүү гарах үүд хаалга хэмээн үздэг.
Үүнтэй холбогдуулан Брест-Улаанбаатар чиглэлийн “Монгол вектор” чингэлэг тээврийн төмөр замын маршрут нь тээвэр, логистикийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү боломжоо ашиглан манай хоёр улс идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар ярилцаж, энэ чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Хэлэлцээний үр дүнгээс харахад Минск, Улаанбаатарын хоорондох улс төрийн өндөр түвшний ойлголцлыг эдийн засгийн томоохон төслүүд болгон хувиргах хоёр талын тууштай үүрэг амлалт харагдаж байна.
Өнөөдөр гарын үсэг зурсан хэлэлцээрүүд, юуны түрүүнд Беларусь, Монгол Улсын 2027-2029 оны хамтын ажиллагааны замын зураглал нь энэ үйл явцад түлхэц өгөх болно.
Мөн би хамтран зүтгэгчтэйгээ 2024 онд Улаанбаатар хотод байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчлан хэлэлцсэн.
Тодорхой чиглэлээр, ялангуяа хүнсний хангамжийн чиглэлээр бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өсөж буй боловч түүний боломж бололцоо бүрэн хэрэгжээгүй байна.
Энэ зорилгоор бидний ашиглаж буй нэмэлт хүчирхэг хэрэгсэл бол энэ оны 07 дугаар сард хүчин төгөлдөр болсон “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” юм.
Бид энэхүү баримт бичгийг бэлтгэхэд Монголын найзууддаа бүх талын дэмжлэгийг үзүүлсэн. Беларусь улс Евразийн эдийн засгийн холбоог даргалж байх үед Минск хотод гарын үсэг зурсан нь бэлэгшээлтэй болсон гэж бид үзэж байна.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг эрс багасгасан. Одоо тулгамдаж буй асуудал бол бизнес эрхлэгчдэд үүнийг үр дүнтэй, үр ашигтай ашиглахад нь туслах явдал юм.
Өнөөдөр бид Беларусь-Монголын хамтын ажиллагааны цаашдын гол өсөлтийн чиглэлүүдийг тоймлов. Юуны өмнө, энэ бол аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа юм.
Беларусь Улс Монголын найдвартай карьер болон зорчигч тээврийн хэрэгслийн хэрэгцээг хангах, мөн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа баталгаажуулсан.
Шинэ бөгөөд сонирхолтой чиглэл бол хөнгөн үйлдвэрлэл бөгөөд бид маалинган даавуу, ноолуураар даавуу хамтран үйлдвэрлэх гэж байна.
Энэ нь Беларусийн байгалийн сэрүүн байдал болон Монголын тал нутгийн дулааныг хослуулсан өвөрмөц, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байх болно. Зүгээр нэг зотон даавуу биш, харин хоёр соёл, эдийн засгийн амьд сүлжилдсэн бэлгэдэл юм.
Хоёр дахь чиглэл бол хөдөө аж ахуйн цогцолбор юм. Беларусь улс Монголын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Бидний боломж болон Монголын цар хүрээ нь биднийг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц өгч байна. Бид хүнсний боловсруулах цогцолборуудын барилгын ажлыг хурдасгаж, Беларусийн хөдөө аж ахуйн технологийн дамжуулалтыг эрчимжүүлнэ.
Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон хүрсэн тохиролцоонууд хоёр улсад бодит эдийн засгийн ашиг тус авчирч, ард түмний маань сайн сайхан байдлыг улам сайжруулахад үйлчилнэ гэдэгт би итгэлтэй байна.