
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Мөн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас нийт 468 га газар нутаг шатсан. Шатаагүй үлдсэн бага хэмжээний газарт ан амьтны нягтаршил их байна. Иймд цас орж, идэш тэжээлийн хомсдол үүсэхээс сэргийлж, био техникийн арга хэмжээ авахаар боллоо. Үүний хүрээнд Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гаргалаа. Улмаар долоон цэгт арга хэмжээ авах зураглал гаргаад байна. Засгийн газар энэ түймэр дээр онцгой ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авч байна.
Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд Нөмрөгт ажилласан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн ажил дууссан. Эхний ажлын тайлангаа танилцуулсан. Эцсийн хохирлын үнэлгээг 11 дүгээр сарын 16-ны дотор танилцуулсан байх ёстой. Нөмрөгийн дархан цаазат газартай холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, хариуцагч компаниар нөхөн төлүүлнэ" гэв.