
Өнөөдөр Ардчилсан намын бүлэг 4:11 мэдээллийн цагаараа засгийн газраас төсвийн тодотголыг найман сардаа багтаан УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардлаа.
АН-ын төлөөлөл “Инфляцын түвшин 13 хувьд хүрсэн. Мөн 2026 оны төсвийг анх батлахдаа 1.5 хувийн алдагдал хүлээнэ гэж баталсан ч хагас жилийн байдлаар 2.1 хувийн алдагдал хүлээсэн. Энэ нь 2025 оноос хойш шинээр томилогдсон 400 гаруй дарга нараас шалтгаалж байна.
Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлт 30 хувиар буюу 50 гаруй их наядаар нэмэгдсэн. Энэ нь төгрөгийн ханшийн сулруулж цаашлаад үнийн хөөргөдлийг бий болгож байна.
Одоо үүсээд байгаа асуудал бол ганц мах эсвэл шатахуунаас болсон зүйл биш МУ-ын эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсныг илэрхийлж байна гэж ардчилсан намын бүлэг үзлээ. Иймд эдгээр асуудлуудыг УИХ-аар хэлэлцүүлж бодлогын түвшинд авч үзэхийг шаардаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг зохистой түвшинд барих үүрэгтэй. Гэтэл өнөөдөр инфляц хоёр оронтой тоо руу шилжсэн. Тодруулж хэлбэл, ерөнхий инфляц 13 хувь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Саяхан л Ерөнхий сайд мах өндөр үнээр худалдаалж байгааг мэдэж зарим нэг дарга нарт гомдож байсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо эрх баригч намын шийдвэрт гомдох боллоо. Амьжиргааны өртөг өндөр энэ цагт инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь зах зээлийн үзэгдэл биш юм. Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барьсан МАН-ын үе үеийн Засгийн газрын алдаатай бодлоготой шууд хамааралтай.
МАН үнэмлэхгүй олон суудал авч Засгийн газарт суухдаа төсвийг хэд тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үүний үр дагаварыг иргэд хүртэж халаасаа хоосолж байгаа юм. Эдийн засаг дахь төрийн хэт их оролцоо нь чөлөөт өрсөлдөөнийг боомилж, төрийн алдаатай бодлого нь бүтээмжийг хумьдаг.
Сүүлийн өдрүүдэд иргэд шатахууны дугаарлалтад өдөр, шөнөгүй зогсож байна. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт нь инфляцийн дараагийн давлагааг зах зээлд бий болгоно. Учир нь нефть бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Ийм байхад Засгийн газар өдөр хоногийг аргацааж, галыг унтраасан байдлаар хандахгүйгээр илүү цогц бодлого дэвшүүлж ажиллах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна.
Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг мэдмээр байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан. Тодруулж хэлбэл, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрсэн. Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт юм. Үндсэндээ энэ бол жилийн эцсийн үр дүн биш. Зөвхөн хагас жилийн үр дүн юм.

Эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам нэмэгдүүлж инфляцийг улам хөөрөгдүүлж байна. Иймээс төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр зардлуудыг танах шаардлагатай.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Экспортын хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн. Гол эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон зэс, нүүрсний үнэ зах зээлд өндөр үнээр худалдаалагдаж байгаа. Мөн экспортын биет хэмжээ хүртэл өндөр үзүүлэлтэй байгаа. Харин ч гадаад зах зээл таатай нөхцөл байхад төсвийн орлого ч гайгүй байхад Засгийн газар дотооддоо инфляцаа алдав. Иймээс ээлжит бус чуулганыг энэ сард хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Мөн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурсан" гэдгийг хэллээ.