
Энэтхэгт шингэрүүлсэн хийн (LPG) хомсдол нэмэгдэж буй энэ үед цагдаагийн байгууллага 400 гаруй баллоныг хууль бусаар нуун хадгалсан хэргийг илрүүлж, 10 хүнийг баривчилжээ.
Тодруулбал, Хайдэрабад хотын оршуулгын газраас нийт 414 хийн баллон илэрсэн бөгөөд тэдгээрийг дамлан худалдах зорилготой байсан гэж үзэж байна.
Байгалийн хий, газрын тосны яамны албан тушаалтны мэдээлснээр сүүлийн өдрүүдэд 2600 орчим шалгалт хийж, хууль бусаар нөөцлөн хадгалж байсан 700 гаруй баллоныг хураан авчээ.
Энэтхэг нь жилд 31 сая тонн байгалийн хий хэрэглэдэг бөгөөд хэрэгцээнийхээ 60 орчим хувийг гадаадаас, ялангуяа Ойрхи Дорнодоос импортолдог. Бүс нутгийн геополитикийн хямралаас үүдэлтэй тээврийн саатал нь нийлүүлэлтийг доголдуулж, хомсдол үүсгээд байна.
Хомсдолын улмаас хийн түгээлтийн цэгүүдэд урт дараалал үүсэж, зарим иргэд хоосон буцах тохиолдол ч нэмэгджээ.
Сөрөг хүчний удирдагч Малликаржун Карге энэ асуудал нь ядуу болон дундаж давхарга, ресторан, жижиг бизнесүүдэд хүндээр тусаж байгааг онцолжээ.
Харин Эрчим хүчний сайд Хардийп Сингх Пури нийлүүлэлтийн бодит хомсдол байхгүй, харин иргэдийн хэт худалдан авалт болон нөөцлөлтөөс асуудал үүсэж байна гэж мэдэгдсэн байна.
Эрх баригчид иргэдийг сандралд автахгүй байхыг уриалж, нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа аж.