
Монголын орчин үеийн уран зохиолын төлөөлөгч, сод их туурвилч Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-ны эл өдөр төржээ.
Түүний хийсэн бүтээл, бичиж үлдээсэн болгон нь бидэнд эрхэм. Тиймээс бүтээлийг нь төрөл бүрээр хэвлүүлж, уншигчдад хүргэх, танин мэдүүлэх хэрэгцээ зайлшгүй шаардагдах нь зүй.
Д.НАЦАГДОРЖ | МОНГОЛ ХҮН цуврал
Уг бүтээлийг Жангар редакцын зураач Б.Төрмөнх зурж, зохиолыг нь мөн бийрлэжээ. Тус номд Д.Нацагдоржийн бага наснаас тодорсон бичгийн эрдэм, өсөх наснаас эрхэлсэн үйл хэрэг, цаашдын амьдралын туулсан замнал, Германд боловсрол эзэмшсэн байдал, хайр сэтгэл болоод эх орондоо буцсаны хойно хэрхэн хэлмэгдсэн зэрэг бүхий л амьдралыг нь тун товч, хүүхдэд ойлгомжтой байдлаар хүүрнэсэн аж.
Мөнхүү номын онцлууштай өөр нэг зүйл бол "Цаглавар". Д.Нацагдоржийн амьдралын чухал мөчүүдийг он цагийн хэлхээсээр нэг өгүүлбэрт багтаан тайлбарлаж, тэр бүрт нь зургаар баяжуулсан хавсралт хэсэг нь бага насны хүүхдүүд уншихад тун тохиромжтой. Үүнээс гадна номд өгүүлэгдэх дүрүүдийн цол хэргэм, ажил, тухайн үеийн нийгмийн нэршил, холбогдох хүмүүсийн нэр зэргийг тодруулсан "Үгийн тайлбар"-ыг хавсаргаж өгчээ.
ХЭЛХЭЭГҮЙ СУВД
Д.Нацагдоржийн бүрэн дуусгаж амжаагүй “Хэлхээгүй сувд” тууж өдгөө ч уран зохиолын шидээвэр бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Туужийн төлөвлөгөө нь бусад гар бичмэлийн хамт олдсон ч төлөвлөгөөнөөс харахад эл зохиолыг тууж бус роман болгох дайдад ажиллаж байсан нь анзаарагддаг тухай зарим судлаачид өгүүлдэг.
Тэр бол гарцаагүй сод, цаг үеэс эрт алхсан жинхэнэ сэхээтэн байсан билээ. Түүний уран бүтээлийн өв чамгүй олдсон агаад өдгөө ч мэр сэр гарч ирэх, дарагдсан зохиолууд байхыг үгүйсгэхгүй. Тус түүвэр дээр өгүүлсэн дуусгаагүй туужаас гадна шилмэл өгүүллэгүүдийг багтаан эмхэтгэжээ.
“ДУРСАМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ” (зүймэл роман)
Номыг эхлүүлэхдээ зохиолч багынхаа дурсамжийг хүүрнээд байна уу гэх мэдрэмж төрж билээ. Гэвч цааш хуудас лавсган алсрах тусам онхи өөр мэдрэмж төрөх агаад өгүүлбэрээс өгүүлбэр дамжих санаанууд гүн ухааны эргэцүүлэл бүхий бодлуудыг тээж авчирна. Тэдгээр дурсамж, өгүүлэмж, их зохиолчийн уран бүтээлийн зам мөрөөр бэдэрсэн үгс бүр нь дулдуйдсан уран сүлжмэл бүхий уянгын халилаас тэс ондоо. Тэгээд ч хүүрнэл нь дан гагц бидний бичиж, уншиж дадсанаас өөр агаад өгүүлэн буй үндсэн сэдвийнхээ талаар олон дүрийн өнцгөөс яриулж, тэдний бодол санаа, тээж яваа шарх бүрийг хөнджээ.
Энэ бол Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн талаар хөндсөн зүймэл роман. Гэхдээ бид түүнийг “сод” гээд л тодорхойлчихдог. Гэвч тэрхүү сод билигтэн хэрхэн юуг туулж, тэмүүлж, туучиж, хувь тавилан нь юу үүрүүлснийг эрээ цээргүйгээр тоочихоос илүү зүйл рүү зохиолч нь өөрөө тэмүүлсэн нь тодорхой. Тиймдээ ч өөрийн бага нас, уулзсан хүмүүсээс ажигласан дотоод хүнийхээ дуу хоолойг нэгтгэсэн нь магад сод хүн хэрхэн бүрэлдэж байгааг өгүүлээд ч байх шиг мэдрэмжтэй үлдээнэ.
АГЛАГТ
Их зохиолчийн мэндэлсний 20 жилийн ойд зориулж, түүний орчуулгын сан хөмрөгөөс урд өмнө нь энгийн уншигчдад төдийлөн хүрч байгаагүй бүтээлүүдийг сонгон эмхэтгэсэн байна. Орчин цагийн уран зохиолын хэл найруулгыг бий болгосон хэмээх түүний яруу найруулгыг таашаан мэдье хэмээн хүсэх хэн бүхэн уг номтой танилцвал зохистой.
Тус номыг CHIMEE хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн агаад орчуулагч Б.Минжбадамгарав бүтээлүүдийг сонгон эмхэтгэжээ. Үүн дотор Д.Нацагдоржийн орчуулсан Пушкин, Эдгар По, Мопассан зэрэг алдартай зохиолчдын болон өөр олон туурвилууд багтжээ.
НЭГЭН СЭТГЭЛИЙГ БӨМБӨРҮҮЛСЭН ҮЕ
Судлаач О.Энхбатын “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе, "Хас"-ын сэдэвт яруу өгүүллэг" ном нь Д.Нацагдоржийн уран бүтээлийн талаарх задлан шинжлэл, шүүмж судлалын бүтээл юм. Тэрээр номд сонгосон өгүүллэгийн тухайд "Энэ бүтээл бол Их зохиолчийн маань билиг оюун чинадын сүнслэг ертөнцөд мөрөөдөн зугаацаж, хүний дотоод сэтгэлийн хүсэл мөрөөдөл, баяр баясгаланг уран нарийн илэрхийлсэн анхдагч бүтээлүүдийнх нь нэг бөгөөд "Хөдөө талын үзэсгэлэн", "Шувуун саарал" зэрэг бүтээлүүд төрөх шанг татсан, яруу тунгалаг хэллэгтэй, уянгын өгүүллэг" хэмээн тодорхойлжээ.
Мөнхүү О.Энхбат нь "Д.Нацагдоржийн оюуны тэнгэр буюу хас гэрэлтсэн Харанхуй хад, Ламбугайн нулимс" хэмээх судлал шүүмжийн номыг уншигчдад хүргэсэн билээ.
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ
Доктор, зохиолч, судлаач С.Лочин 1981 оноос эхлэн Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл, гарал угсааг судалсан бөгөөд Нэпко хэвлэлийн газрын "Түүхэн эрхмүүдийн цадиг" цувралаар уг ном нь хэвлэгдэн гарсан юм.
Тус номд Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн замналын талаар он дарааллын дагуу тодорхой өгүүлж, зохиолчийн төрсөн газар, амьдралын тухайд зарим талаар маргаантай олон асуултад хариулт өгөхийг зорьсон байдаг.