
Самсунг Электроникс 2030 он гэхэд дотоод болон гадаад дахь үйлдвэрлэлийн байгууламжуудаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан, бие даан ажиллах үйлдвэрүүд болгон өөрчлөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ нь үйлдвэрлэлийн инновацыг хурдасгах стратегийн нэг хэсэг юм.
Тус компани түүхий эдийн агуулахаас эхлээд үйлдвэрлэл, тээвэрлэлтийн бүх үе шатыг хамарсан дижитал ихэр (digital twin) технологид суурилсан симуляцуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн чанарын хяналт, үйлдвэрлэл, логистикийн чиглэлээр тусгайлан ажиллах хиймэл оюунт агентуудыг нэвтрүүлж, өгөгдөлд суурилсан шинжилгээ болон баталгаажуулалтын системийг бэхжүүлэх аж.
Энэхүү алхам нь бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг сайжруулахын зэрэгцээ байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментэд хиймэл оюун ухааныг өргөнөөр ашигласнаар ажлын байрны аюулгүй байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэж мэдэгдэв.
Гар утасны бизнесийн салбарт хуримтлуулсан хиймэл оюун ухааны туршлага дээрээ тулгуурлан тус компани Galaxy S26 загварт нэвтрүүлсэн “agentic AI”-г үйлдвэрлэлийн инновацидаа ашиглана гэжээ. “Agentic AI” гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулд бие даан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай системийг хэлдэг.
Мөн үйлдвэрлэлийн шугамуудад хүн төрхтэй (humanoid) үйлдвэрлэлийн роботуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр оновчтой ухаалаг үйлдвэрүүдийг байгуулах зорилготой байгаа аж.
“Үйлдвэрлэлийн инновацын ирээдүй нь зөвхөн автоматжуулалт биш, харин газар дээрх нөхцөл байдлыг хиймэл оюун ухаан ойлгож, хамгийн оновчтой шийдвэрийг бие даан гаргадаг автономит үйлдвэрлэлийн талбайд оршиж байна” гэж компанийн ахлах албан тушаалтан Ли Ён Су хэлжээ. “Бид хиймэл оюун ухаанд тулгуурласан үйлдвэрлэлийн инновацоор дэлхийн тэргүүлэгч болно.”
Самсунг энэ сард Испанийн Барселон хотод болох Mobile World Congress 2026 үеэр аж үйлдвэрийн хиймэл оюун ухааны стратеги болон дижитал ихэрт суурилсан үйлдвэрлэлийн инновацын алсын хараагаа танилцуулахаар төлөвлөжээ.
Мөн уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Samsung Mobile Business Summit (SMBS)-ийн үеэр “agentic AI” олон салбарт өргөжихийн хэрээр хяналт, засаглалыг бэхжүүлэх зорилготой компанийн засаглалын стратегийг танилцуулах аж.