
Бусдад зодуулж БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Тэрээр энэ сарын 11-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ руу явах байсан ч прокурорын байгууллагаас түүнд хилийн хориг тавих хүсэлт хүргүүлсэн юм. Анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.
Хохирогчийн аав Д.Дашзэвэг мэдээлэл өглөө. Тэрээр "Гадуур зөрүүтэй мэдээлэл яваад байна. Яллагдагчийн дүү нар хүүг маань эрүүл саруул байгаа, эдгээд ирсэн гэж нийгмийн сүлжээнд бичжээ. Эрүүл саруул, эдгэрэх ямар ч боломжгүй гэмтэл авсан. Сая БНСУ-д нүүрний цөмөрсөн ясыг наашлуулж, хугарсан яснуудыг нь эвлүүлж хадсан байгаа. Дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Тархинд нь цус хурсан. Тэрийг шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Нүдний харааны асуудал бий. Хэд хоногийн завсар гарахаар нь гэртээ ирээд, тэнхэрч байна. Энэ бүтэн сайн өдөр БНСУ-руу, эмнэлэг рүүгээ явах ёстой байсан. Гэтэл манай хүүхдийг хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татсан. Сая хилийн хориг тавих шүүх хурал боллоо. Тухайн үеийн нөхцөл байдлын үнэн зөвийг цагдаа, прокурорын байгууллага олох байх. Хилийн хориг гэдэг арай чангадсан асуудал байсан. Сая шүүх хурал боллоо. Шийдвэрийг нь шүүхээс танилцуулах байх.
Эмч нар нь хяналтанд байхыг зөвлөсөн. Тиймээс энэ сарын 15-наас эмнэлгийн үзлэгтээ орох гээд цаг авчихсан, явах хүсэлтэй байгаа. Гомдол хэн гаргасныг би сайн хэлж мэдэхгүй байна.
Бусад залуусын л адил сургууль соёл төгсөөд ирсэн хүүхэд учир сэтгэл зүйн хувьд их хүнд байгаа. Хүн хийсэн хэргийнхээ хор холбогдлыг арилгаж, ялаа үүрэх ёстой. Хууль, шүүх, төртэй улс. Асуудал шударга явагдаасай гэж хүсэж байна. Залуучуудын аав, ээж надтай холбогдсон. Уучлал гуйсан. Эмчилгээний зардлыг эмнэлгийн данс руу хийж байгаа. Энэ дээр гомдолгүй байна” гэлээ.