Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлжээ.
Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр 2023 оны долоодугаар сарын 25-нд 9 жил, зургаан сар хорих ял шүүхээс оноосон байсан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэн билээ.