Өдрийн аль ч цаг, жилийн аль ч улиралд хүний хөл тасардаггүй, дөрвөн давхар шар барилгын гадна “Бид шантрахгүй, зогсохгүй. Та ялагдахгүй” гэх бичигтэй самбар өлгөсөн нь хамгийн түрүүнд нүдэнд тусав. Өвдөж бэдрээд, эдгэрэх, эмнүүлэх итгэл найдвар тээж буй хүмүүст эл хоёр өгүүлбэр бага ч атугаа дэм, хүч өгдөг байх гэж бодохтой зэрэг сэтгэлд уй төрнө. Үнэн хэрэгтээ уйлж цурхирч, уймарч будилж, уухичин сандрах тэдэнд эргэн тойрноо ажиж, элдэв бичиг гарчиглах сөхөө үгүй нь илт.
Зарим нь амь тавьж, зарим нь амь горилж, нэг хэсэг нь амь гарч, нөгөө хэсэг нь амь дүйсэн дүнсгэр, бүүдгэр, дүрэлзсэн, халуун орчин. Тэнд өвчин, үхэл, үнэн, худал, зол жаргал, зүдгүүр, бэрхшээл цөм бий.
Энэ бол хавдар гэх хахир өвчинтэй нүүр тулж, тэмцэж, тэсэж буй хүмүүст үйлчилдэг улсын цор ганц, төрөлжсөн эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн аж байдал, ахуй нөхцөл. Энд олон мянган хүн өвчинтэйгөө тэмцэж, олон зуу нь өвдсөн гэдэгтэйгээ эвлэрч, бас цөөнгүй нь өвчнөө ч, өөрийгөө ч ялж, эрүүлжиж байгаа. Мөн хавдрын улмаас жил бүхэн хэдэн мянгаар тоологдох хүн хорвоог орхиж буй нь гашуун ч үнэн...

Анх 1934 онд 20 ортой мэс заслын тасаг байгуулагдаж, Монгол Улсад хавдрын эмчилгээний үндсэн хэлбэрийн нэг болох мэс заслын эмчилгээг нутагшуулсан гэж судлаачид үздэг. Харин 1940 оноос нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ өргөжиж, хорт хавдартай хүнд мэс заслын эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэгэхээр манай улс үндсэндээ 90 орчим жил хавдар гэх өвчинтэй тэмцэж, энэ өвчнөөр өвдсөн иргэдийг эмнэж буй.

Эрүүлжих боломж илүү ойртов
Хавдартай 90 орчим жил тэмцэж байгаа ч өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд ганц л эмнэлэг “гал манаж”, энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Өнөөдрийг хүртэл гэж онцолсны учир нь, ХСҮТ-ийн тусламж, үйлчилгээг бүс нутгийнхаа иргэдэд үзүүлэх боломжтой дэд эмнэлэг анх удаа орон нутагт бий болж байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг Засгийн газрын шийдвэрээр хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгожээ.
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг байгуулснаар Орхон, Булган, Хөвсгөл болон баруун аймгуудын иргэд хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Мөн хойд бүсийн хавдартай 3000 гаруй иргэн болон ХСҮТ-д оношилгоо, хими, мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх шаардлагатай 10 мянга гаруй хүн "Эрдэнэт медикал" хавдрын дэд төвөөс тусламж үйлчилгээ авах боломжтой юм. Улмаар нийслэлд буй ХСҮТ-ийн ачаалал, хүлээгдэл 10-16 хувь буурах аж.
Хамгийн чухал нь, оношуулж, эмчлүүлж, эрүүлжих зорилготой мянга, мянган иргэн улсын нийслэлийг бараадаж, олон сар, жил гэр, суурингаасаа хол “махрахгүй”. Гэртээ, өөрт ойр бүс нутагтаа тавтай эмнүүлэх боломж бүрдэх юм. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрөл саарахад нэг том түлхэц болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нь хавдрын орон нутгийн анхдагч, жишиг эмнэлэг болж байгаагаараа онцлог болж байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт нэмэгдүүлж тусгасан. Засгийн газар монгол хүний хөгжил хамгийн том мега төсөл байх ёстой гэж үзсэн. Тиймээс 2025 онд 238 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт зарцуулж байсан бол 2026 оны төсөвт 1,3 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын төсвийг 5,5 дахин нэмэгдүүллээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт хиймэл оюун ухаан, технологийн дэвшил хүчтэй нэвтэрч байна. Монгол хүн бүрийн оношилгооны дата мэдээллийг цуглуулаад, түүн дээр хиймэл оюун ухааны үнэлгээ, оношилгоо хийх шинэ технологи нэвтрүүлэхээр бид ажиллаж байна. Ингэснээр аймгийн эмнэлэгт төдийгүй улсын хэмжээнд интернэт технологийн дэвшил, хиймэл оюун ухаан ашигласан эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бололцоотой. Энэ чиглэлээр цахим эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлнэ. Мөн ирэх онд хавдрын эмнэлэг шинээр барина.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд
Хавдрын дэд төвийн үйл ажиллагаа үе шаттай явагдана. Эхний ээлжид таван кабинет нээгдэнэ. Дараа эмч нарыгаа мэргэшүүлж, тусламж, үйлчилгээгээ үе шаттай үзүүлнэ. Дундын бүс буюу Эрдэнэт хотод хавдрын дэд бүс байгуулагдсанаар хойд бүсийн иргэд гэртээ болон гэртэйгээ ойрхон газар тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Улаанбаатар руу явахгүй хавдрын эмчилгээ, оношилгоог авах боломж бүрдэж байна.

Орхон, Булган, Хөвсгөл аймаг 308 мянган хүн амтай бөгөөд жилдээ 900 орчим хүн хорт хавдраар оношлогддог. Энэ нь улсдаа тээгүүрт эрэмбэлэгдэх тоо. Хамгийн харамсалтай нь, жилд 500 орчим иргэн уг өвчний улмаас амиа алддаг бөгөөд нас баралтын тоогоороо улсад хоёрдугаарт бичигдэж байна. Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд 12 төрлийн хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
Ийнхүү хойд бүсийн иргэдэд хавдрын тусламж, үйлчилгээ илүү ойртлоо. Цаашид бусад аймаг, бүс нутгуудад энэ төрлийн эмнэлэг ихээр бий болох нь эрүүл мэнд, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

