
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсэгт хоёр хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар цааш F хэсэгт гуравдугаар байраар эрэмбэлэгдсэн юм. Манай шигшээ баг энэ хэсэгт Хонконг, Малайз, Индонезийн багуудтай ирэх арваннэгдүгээр сард тоглоно.
Монгол-Тайландын тоглолтын дараа шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Одын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр энэ зун Лас Вегаст болсон зуны лигт тоглосоны дараа Монголд ирж шигшээ багт нэгдсэн юм.
Ш.Энхийн-Од “Монголд болсон гурван тоглолтыг үзсэн үзэгч түмэндээ баярлалаа. Сүүлийн тоглолт үнэхээр хүнд боллоо. Энэ тоглолтод 100 хувь биеэ дайчилж чадсангүй. Энэ тоглолт бидэнд маш том сургамж боллоо. Шигшээ багийн бэлтгэлд хамрагдаад гоё санагдлаа. Би Монголд ирж бэлтгэл хийгээгүй дөрвөн жил болсон байсан. Үнэхээр сайхан байна. Зургаан долоон хоногийн турш маш гоё дурсамж үлдээлээ. Тайландын баг сайн байлаа. Гэхдээ бидний хувьд 100 хувь тоглолтоо гаргаж чадсангүй. Бидний тоглолтыг ирж үзсэн бүгдэд баярлалаа. Сүүлийн тоглолтод хожил авч чадаагүйдээ харамсаж байна. Дараагийн тоглолтуудад илүү сайн хүчтэй тоглох болно. Шигшээ багаа дэмжсэн хүн бүхэнд баярлалаа." гэлээ.

