
Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Өнөөдөр аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаанд 176 бөх барилдлаа.
Барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, ХЦ-ийн 0277-р анги, Эв Монгол клубын бөх, аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, "Сэлэнгийн Бодонгууд" клубын бөх, аймгийн начин Оюунчимэгийн Пүрэв-Очир үзүүрлэв. Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин М.Өгөдэй шалгарсан бол дунд шөвгийн зургаад аймгийн харцага Б.Өнөржаргал, аймгийн харцага Г.Ганзориг, аймгийн начин Г.Батзориг нар шалгарлаа. Бага шөвөгт аймгийн начин П.Алтанхуяг, А.Ширнэндагва, О.Бат-Эрдэнэ, М.Баяржавхлан, Д.Дашням нар үлдэв.
Дашчойлин хийдийн нэрэмжит "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
