
Бурхан Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II чуулганыг зохион байгуулж 600 гаруй лам хувраг оролцлоо. Чуулганаар “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг нарийвчлан авч үзэж, лам хуврагуудын санал бодол, туршлага, зөвлөмжийг тусгажээ.
Гандантэгчэнлин хийдийн Да лам, гэвш А.Батцэнгэл: Одоогоос 35 жилийн өмнө 1991 онд Монгол лам нарын анхдугаар чуулган болж байсан. Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамбын ажлын алба, тэргүүн лам нарын зөвлөл зэрэг байгууллагууд хоёр жилийн турш бэлтгэл хангаж II чуулганыг амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганаар Монголын нийт лам нарын ёс зүйн дүрэм болон лам хуврагуудын бүртгэлийн журам гэсэн хоёр зүйлийг эцэслэн шийдлээ. Өнөөгийн Монголын бурхны шашинд цэгцлэх ёстой асуудлууд болон бий. Энэхүү дүрэм нь шашны үйл ажиллагааны нэр хүндийг бэхжүүлэх, лам хуврагуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Бурхны шашны үнэт сургаалыг зөвөөр түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. 2000-аад жилийн өмнөөс монголчууд бурхны шашин шүтэж ирсэн археологийн баримт бий. Энэ урт удаан хугацаанд бурхны шашин монголчуудын соёл, зан заншил, аж ахуй болон нийгмийн сэтгэлгээнд нэвт шингэсэн. Монголд нийтдээ 2000 гаруй лам хувраг бий. Тэдгээрээс 600 гаруй хувраг хоёр хоног чуулан тулгамдаж буй асуудлаа тал талаас нь ярилцаж шийдэлд хүрлээ. Цаашид лам нарын чуулганыг зургаан жил тутамд зохион байгуулна.
Тэргүүн их хамба ламын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу: Зонхи олонх нь шүтдэг бурхны шашин өөрөө ёс суртахууны үлгэр нь байж, үнэт зүйлээ баримтлах нь нийгэмд хамгийн чухал. Шашны нэрийг барьж, сургаал номлолыг нь гүйцэд танин мэдээгүй хэрнээ бусдыг мэхлэх, айлгах явдал мэр сэр гардаг нь нууц биш. Энэ чуулганаар лам хүний явдал мөрийг тодорхойлсон суурь зарчмуудаараа үнэт зүйлээ тодорхойлсон дүрмийг баталлаа. Үүнийг зөрчих юм бол хариуцлага хүлээлгэдэг системийг үүсгэхийн тулд лам нарын нэгдсэн бүртгэлтэй болж байна.