
АНУ болон Иран сүүлийн нэг сарын хугацаанд анх удаа дахин бие бие рүүгээ гал нээв. АНУ-ын тал Ормузын хоолой дахь Ларак аралд байрлах Ираны пуужин хөөргөгчдийг онилсон бол Иран хариуд нь Иордан болон Арабын Нэгдсэн Эмират Улс дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсөн.
Ормузын хоолойд Ираны тогтоосон хяналтыг сулруулахыг эрмэлзэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт цаашид дахин цэргийн арга хэмжээ авахаа мэдэгдэв. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Ираны тал тус хоолойд шинээр мина байрлуулахаар бэлтгэж байсныг илрүүлсний дараа 7 дугаар сараас хойш анх удаа Ираны байршилд цохилт өгсөн байна.
Хариу арга хэмжээ болгон Ираны Исламын хувьсгалт харуулын корпус Иорданы King Hussein болон al-Azraq агаарын баазууд руу баллистик пуужингаар цохилт өгч, их хэмжээний хохирол учруулснаа мэдэгдэв. Харин АНУ-ын тал Иордан руу харвасан бүх пуужинг амдан устгасан тул ноцтой хохирол амсаагүй гэв.
Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Исламын бүгд найрамдах улсад маш хүнд цохилт өгч, заавал хариу барина гэж мэдэгдээд Ираныг агаарын цэрэг, усан флот болон валютгүй болсон "дампуурсан улс” хэмээн нэрлэжээ.
Ираны эдийн засгийн хямрал ба дипломат оролдлого
Цэргийн мөргөлдөөн эргэн сэргэсэн нь Ираны эдийн засагт хүндээр тусах нь тодорхой. Сүүлийн долоо хоногт Цагаан ордон цэргийн ажиллагаанаас илүүтэй Ираны эсрэг хориг арга хэмжээг чангаруулах замаар эдийн засгийг нь хямралд оруулах бодлого баримталж байгаа юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзахдаа дайныг үргэлжлүүлэх нь Иранд ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн зургаадугаар сард тохиролцсон санамж бичгийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Иран болон Оман улсууд Ормузын хоолойгоор усан онгоц нэвтрүүлэх түр замын талаар аман тохиролцоонд хүрсэн ч, АНУ Ираны газрын тосны экспортод тавьсан бүслэлтээ цуцлахгүй бол тус хоолой бүрэн нээгдэх боломжгүй гэж барууны дипломатууд үзэж байна.
Үүний зэрэгцээ Ираны үндэсний валютын ханш үргэлжлэн унаж, инфляцын түвшин 300 хувьд хүрсэн нь тус улсын дотоод нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсээр байна.