
Уран зохиолын ертөнцөд тогтсон хил хязгаар, зааг гэж үгүй. Аливаа бүхэн хуран үүдэх шалтгаан, учир холбогдлын үр дагаврыг тунгаан дэнсэлсэн ч орь ганц оршихуйгаар хэмжихгүй. Хашилтад үл багтах оюун санааны ийм ахуйд ямагт шинэ асуултад хариулахыг эрмэлздэг. Үүний цаана дахин шинэ ертөнц бүрэлдэнэ.
Угтаа уран зохиолыг туурвих нь шинийг бүтээж, ухамсартаа ахин төрөхийн нэр. Тиймдээ ч 2026 оны Нобелийн шагналыг Канадын яруу найрагч, эсээч, хэл шинжлэлийн доктор, эртний Грекийн уран зохиолын орчуулагч Энн Карсонд олгосон нь чухам шинэ ертөнцийг бүтээж чадсаных нь төлөө билээ.
Монтэний эсээ уншигчдад гүн ухааны эргэцүүлэл, үй түмэн асуултыг үлдээдэг. Үүнтэй агаар нэгэн адил Энн Карсоны яруу найрагт тийм асуултууд бий. Харин эртний Грекийн уран зохиолоос орчин цагийн хэл рүү хөрвүүлсэн бүхэн нь түүний уран бүтээлийн нэгэн цайзыг өрж байжээ. Түүний хувьд үг гэдэг цаг хугацааны дэнсэнд сүндэрлэн боссон цац суврагууд тоос болон хувирах шиг мартагдаж хоцорсон дурсамж бус ухамсраар дамжин шинээр цогцлох боломжтой амьд ертөнц байв. Тиймдээ ч тэр сонгодог зохиолыг тоосонд дарагдсан номын хуудас, цагийг гэтэлсэн мэргэдийн судраас хийсэж хоцорсон муутуу цаасны тасархайнаас хайсангүй. Харин ч үгсийн шидээр мэтгэн өөртөө ойртуулж, олон зууныг туулсан уран зохиолын салбарт шинэ нээлтийг хийсэн нь орчин цагийн туульч гэх алдрыг түүнд хүртээж, грек хэлээс эхэлсэн зам нь Нобелийн шагналд хүргэлээ.
Энэ бол уран зохиолд үнэнчээрээ үлдэх тэмүүлэл, шинийг эрэлхийлж, түүнийгээ бүтээсэн тэмцэгч чанар, үгээр ашиг хонжоо бэдэрч, алдар сууг горилолгүй өгүүлэхүйн хүсэлдээ шударга хандсаных нь төлөө Энн Карсонд олгосон шагнал мөн.
Харин Шведийн академийн шүүгчдийн бүрэлдэхүүн “Сонгодог уран зохиолын уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин цагийн уран зохиолд шинэ хэв маяг бий болгосон зоримог агаад шинэлэг бичгийн өв сан, бүтээл туурвилынх нь төлөө” хэмээжээ.
Нэгэн цаг үед хүн төрөлхтний оюун санааны түүхийг туурвисан хэл хэдэн мянганы турш бийрлэсэн цаас, сийлсэн чулуун дээрээ чимээгүй оршсоор иржээ. Харин 1950 онд Канадын Торонто хотноо төрсөн нэгэн яруу найрагчийн бие сэтгэлээ зориулсан тэмцэл, зоримог эрэлхийлэл, үл няцах бүтээлч мөн чанарын ачаар грек хэл дахин амь оров. Цаг хугацаа урсан одохын хэрээр юмсын шинж чанар бүдгэрдэг хэмээн сэтгэх олон зуун хүний үзэл бодлыг няцааж, өнгөрсөн бүхэн алсран одох тогтсон хувиралтай байдаггүйг Энн Карсон бусдад батлан харуулжээ. Тэрээр Сапфогийн цагийн салхинд хэрчигдсэн мөрүүдээс хайрыг, грекийн домгоос баатруудын ганцаардлыг, эртний хэлээс орчин цагийн хүний хэлж үл хүчрэх бодлыг нээн тольдсон юм. Түүний бичсэн бүхэнд өнгөрсөн ба өнөөдөр, эрдэм ухаан хийгээд уран сэтгэмж, бодит ахуй болоод домог хоорондын сүлэлдээн, зааг татсан шугамгүй ертөнц оршиж байлаа.
Энн Карсон уран зохиолын замналаа зохиолчийн ширээнээс бус, эртний хэл, сонгодог уран зохиолын ертөнцөөс эхлүүлжээ. Алхах сургуульд суралцаж ахуй үедээ латин хэлний багш Элис Ковантай танилцсан байна. Эл эрхэм Карсоныг эртний грек хэл сонирхож байгааг нь сайшааж, үдийн цайны завсарлагаанаар түүнд ганцаарчилсан хичээл орж, хамтдаа Сапфогийн бүтээлүүдээс уншдаг байв. Энэ бол Карсоны амьдралыг бүхэлд нь өөрчилсөн эргэлтийн цэг байлаа.
Тэр багштайгаа учирсан мөчөөс эхлэн хэл гэдэг зөвхөн үгсийн нийлбэр бус өнөөдрийн ахуйгаас өнгөрсөнтэй дахин харилцаж болохуйц эрхэм зүйл болохыг олж нээсэн юм. Карсон уг бодол, яруу найргийн ертөнцөд шинийг бүтээх эрмэлзлээсээ огт няцаагүй агаад Торонтогийн их сургуульд хэл, уран зохиолын чиглэлээр суралцсан аж. Хоёр ч удаа сургуулиа завсардсан боловч үгсийн шидийг эзэмших, өнгөрснийг дахин бүтээх эрмэлзэл нь дийлснээр бакалавраа төгсөж, магистр, докторын зэргээ ч хамгаалжээ. 1981 онд “Glassics” буюу сонгодог судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нь хожмын уран бүтээлийнх нь оюуны суурь болов. Мөн Шотландын Сент-Эндрюсийн их сургуульд эртний грекийн яруу найргийг судалсан байна.
Түүний хувьд яруу найраг, судалгааны ажил нь тус тусын замаар тэшсэнгүй. Карсон эртний грекийн зохиолчдыг судлахыг зэрэгцээ дүр, домог зүй, үгсийн цаана нуугдсан утга агуулгыг өнөөгийн уншигчдад дахин нээж өгөхийг эрмэлзэж байв. Нобелийн хороо ч түүний уран бүтээлийг цөмийг “филологчийн үгсэд хандсан няхуур сонирхол” болон “яруу найрагчийн шинэ үзэл хандлага эрэлхийлэх хүсэл зориг огтлолцох цэг” хэмээн тодорхойлжээ. Учир нь үгийн гарлыг мөшгих нь түүний хувьд уран бүтээлийн эхлэл цэг байлаа. Ямар нэгэн үг хаанаас, хэрхэн үүссэнийг мөшгих нь заримдаа соёл иргэншлийн түүхийг шинээр нээх алхам болно. Тиймдээ ч түүний туурвилыг судлаачид ийн тодорхойлохоос өөр аргагүй.
Карсоны анхны томоохон бүтээлийн нэг нь 1986 онд хэвлэгдсэн “Eros the Bittersweet”. Уг номыг түүний уран бүтээлийн чиг хандлага, үзэл санааны цөм болсон дуулал хэмээн судлаачид үнэлдэг. Хайр, дурлалаар үүсэн бүрэлдэх хүсэл хийгээд дотор хөндүүрлүүлсэн гашууныг тэрээр эртний грекийн уран зохиол, гүн ухааны уламжлал, Сапфогийн шүлгүүд болон сонгодог эх сурвалжуудтай холбож, тэдгээрийгээ орчин цагийн хүний төрөлх хүсэл зоригтой харгалдуулан хөнджээ.
Нийтлэг ойлголтоор бол хайрын тухай бүтээл. Гэвч Карсоны үзсэнээр хайр нь зөвхөн сэтгэл хөдлөл бус тухайн дурласан хүнээ хүсэх үед үүсдэг тэрхүү орон зайн мэдрэмжтэй холбоотой. Хайртай хүндээ эс хүрч чадах тэр орон зай хайрыг бүтээдэг. Яг эл үеэс л Карсоны хожмын бүтээлүүдээс ажиглагдах хүсэл, хагацал, эзгүйрэл, үл хүртэгдэх хийгээд хүртэж чадах хийсвэрлэлийн цогц ертөнц бий болсон юм. Тэгэхээр яруу найрагчийн хувьд хайр бол хүн төрөлхтний уран зохиол дахь мөнхийн сэдвүүдийн адил байв. Харин эрдэмтний зүгээс тэр хайрыг судлах бүрэн боломжтой гэж үзжээ.
Карсоны уран бүтээлийн нэгэн чухал өв сан бол дуун хөрвүүлэг. Түүний сонгодог грек хэлээс орчуулсан бүтээлүүдийг нэг эхээс нөгөө хэл рүү буулгасан хөрвүүлгийн ажил төдийхнөөр дүгнэх нь болчимгүй явдал болно. Харин ч эл ажил нь бие даасан туурвилын шинж чанартай. Тиймдээ ч 2002 онд хэвлүүлсэн “If Not, Winter: Fragments of Sappho” нь эртний грекийн суут яруу найрагч Сапфогийн хүн төрөлхтөнд хэсэг, бусаг тасархай хэлбэрээр үлдсэн шүлгүүдийг орчин цагийн англи хэлнээ дахин амилуулсан юм. Учир нь амьдралын шимширмээр төгсгөлтэй учирч, хайрын төлөөнөө хадан хясаан дээрээс ниссэн Сапфогийн шүлгүүдийн ихэнх нь бүрэн эхээрээ хадгалагдаж үлдээгүй билээ.
Харин Карсон тэдгээр шүлгүүдийг хөрвүүлэхдээ судлаачийн хувьд Сапфогийн шүлгийн мөрүүдийг грек эхийн хамт эмхэтгэж, эх бичвэрийн гэмтэж, тасарсан хэсгүүдийн дөрвөлжин хаалтад хэвээр нь үлдээжээ. Өөрөөр хэлбэл, тэр шүлгийг гүйцээхийг чухалчилсангүй, харин цаг хугацаа, түүхийн явцад алдагдсан хоосон зайг яруу найргийн нэг хэсэг болгосон юм. Карсон өөрөө уг хаалтыг гоо зүйн дохио хэмээн үзсэн агаад ингэснээр уншигч Сапфогийн шүлгийг төгс, бүрэн эхээр нь бус, хоёр мянга гаруй жилийн өмнөөс бидэнд урагдсан хэвээр хүрч ирсэн дурсгал мэт хүлээн авах боломжтой гэж санажээ.
Орчин үеийн уянгын яруу найргийн эх хэмээгддэг Лесбосын эл найрагчийн гуниг, хүсэл, хайр, хагацлыг тэр ингэж дахин бүтээсэн аж. Сапфогийн шүлгийн хамгийн хүчтэй хэсэг нь бидэнд олдсон хэдхэн мөрүүдэд бус, алга болсон үгсийнхээ орон зайд оршдог бөгөөд Карсон тэр хоосон зайг нөхөхийн оронд уншигчийн төсөөлөлд нээлттэй хэвээр үлдээсэн байна. Судлаач Элизабет Сара Коулс шинэхэн Нобелтны уг арга барилыг “Текстийн материаллаг чанарыг дуурайлган, тасархай зай, ганц нэг үг, хаалт зэргээр Сапфогийн ганцаардмал дуу хоолойг улам хүчтэй болгосон” гэж үздэг. Харин 2026 онд хэвлэгдсэн Мэгги Маклафлины судалгаанд “Карсоны орчуулга нь Сапфогийн хэлтэрхийнүүдийг орчин үеийн, тэр дундаа лесби уншлагын хүрээнд дахин утгажуулсан” хэмээн тайлбарласан байна.
Тэр Сапфогоос гадна Софоклын “Electra”, “Antigone”, Еврипидийн “Bakkhai” зэрэг эртний грекийн бүтээлүүдийг мөн орчуулж, сонгодог эхийг өнөөгийн хэл найруулгад зохирсон дууллууд болгон хувиргажээ. Уг шинж чанараар түүний орчуулгуудыг эх зохиолын дагалдах материал бус, бие даасан уран зохиолын бүтээл гэж үзэх боломжтой. Магадгүй эл шалтгаанаар Карсоны бүтээлд орчуулга, яруу найраг хоёр тусдаа өрөө бус, харин нэг барилгын зэрэгцээ хаалга болон оршдог болов уу.
Карсоны ихэнх бүтээлийн гол дүр нь эртний домгийн дүрүүд. Уншигчдын дунд ихээхэн алдаршсан “Autobiography of Red: A Novel in Verse” зохиолын дүр болох Герион бол грекийн яруу найрагч Стесихорын бүтээлийн улаан далавчтай зэтгэр. Харин түүгээр Карсон яг л суут Диккенсийн “Дэвид Копперфилд”, эсвээс Жером Селинжерийн “Хөх тарианы харуул” романы дүрүүдтэй адил өнөө цагийн бие хүний өсөж том болох үйл явцыг туйлын уран, нягт нямбай дүрслэн өгүүлсэн юм. Эх домогт Герион бол Гераклын арав дахь сорилын үед амь эрсдэх бол Карсоны зохиолд тун мэдрэмтгий, зожиг, ахуйг өөрийнхөөрөө тольдох өсвөр насны хүүгийн дүрээр уншигчидтай уулздаг. Герион арван дөрвөн настайдаа өөрөөсөө хоёр насаар ах Гераклест дурлаж, түүний ертөнцөд татагдан ордог ч уг хайр эцэстээ гашуун төгсгөлтэй, хагацлын замаар бэдчүүлнэ.
Хамгийн гол нь уран зохиолд хүнийг ховсддог ер бусын шинж чанар, нууцлаг шид байваас тэр нь урьдын соёл иргэншил, эсвээс өөр үндэстэн, тэдгээрийн ахуй, сэтгэлгээний өвөрмөц байдал дотроос өөрийн мэдрэмжийг тольдож, ялган уншиж чадахад орших биз ээ. Учир нь эл ном тийм мэдрэмжийг өдөөдөг. Тэгээд ч Карсоны уран зохиолын илэрхийлэл үүнд оршино. Тэр Стесихорын туульд үлдээсэн мөрүүдийг бүхэлд нь өөрийн цаг үеийн өгүүлэмж болгоогүй ч Герионы дүрээр дамжуулан бусдаас ялгаатай байхуйн шаналан, хайр дурлалын тэгш бус байдал, дурсамж, хагацал, дотоод сэтгэлээ таних хүслийн тухайд эрс зоримогоор дахин хүүрнэсэн. Карсон өөрийн цаг үеэс Стесихорын ертөнцийг харж, Стесихорын эртний ертөнцөөс өөрийн цаг үе дэх хүмүүсийн мэдрэмжийг сөргүүлэн тольдсон билээ. Судлаачид түүний бүтээсэн шинэ цагийн домгийг эртний уран зохиолын дүрүүдэд шинэ амьдрал, тэр дундаа орчин үеийн хайр, бэлгийн чиг баримжаа, шарх, өөрийн дуу хоолойг хүртэл өгсөн гэж үздэг. Иймээс “autobiography” буюу “өөрийн намтар” гэх нэр нь зөвхөн Герионы тухай бус гэдгийг бодолцох учиртай.
Уран зохиолын хүчийг сануулж, бусдын өгүүлснээс өөрийгөө таньж, өнгөрснөөс үүдсэн сэдлээр энэ цаг үеийг дахин шинэ ертөнц болгон бүтээсэнд гол учир бий. Харин тэр ямар нэгэн дүрэм, зааварчилгааг дагасангүй. Кафка бидэнд ямар ч уламжлал тээгээгүй, орь ганц, хачин жигтэй хийгээд тун чиг бодууштай, айж зэвүүцмээр атлаа хийрхлээр хулдаагүй, харь хөндий боловч хүний сэтгэл дэх жинхэнэ бодитой ертөнцийг таниулсан. Үүнтэй адилаар Карсон яруу найргийн шинэ боломжуудыг туршиж, уйгагүй оролдлогынхоо эцэст бүх заавар, дүрмийг зөрчиж, уран зохиолын урвалтын зөв замд хөл тавьжээ. Тэгээд өнгөрснөөс өөрийн мэдрэмжээ унших чадварт суралцсан аж.
1990-ээд онд Карсон уран бүтээл бүрдээ төрөл жанрын заагийг эвдэх оролдлого хийж, тэдгээр нь амжилттай болж байлаа. “Glass, Irony, and God” номд багтсан “The Glass Essay” нь урт шүлгийн боломжийг тэлж, цар хүрээг өргөжүүлж, шүлэг, эсээ, дурсамж, бодрол зэргийн хооронд татсан улаан шугамыг үгүй хийсэн юм. Яруу найраг заавал богино эсхүл тайлагнал бүхий өгүүлбэрээс бүрдэх ёсгүйг тэр сануулж байв. Түүний хувьд аливааг бичих аргачлал, буй болгох хэлбэр нь жороор олгогдсон эм, уран зургийн дөрвөлжин жааз биш. Харин ч өгүүлэмждээ зохируулан тэр бүхнийг шинээр бүтээх ёстой.
Тиймдээ ч өдгөөгөөс арван жилийн өмнө хэвлэгдсэн “Float” бүтээлээрээ номын талаарх тогтсон ойлголтыг дахин үгүйсгэсэн байна. Уг бүтээл нь өөр өөр сэдэв, хэлбэр бүхий 22 жижиг товхимлоос бүрдэх бөгөөд уншигч тэдгээрийг хүссэн дарааллаараа уншиж болно. Эхлэл, өрнөл, төгсгөл гэх уламжлалт дэсийг заавал дагах шаардлагагүй. Ерөөс уран зохиол дахь тогтсон хэлбэр, яруу найраг, хүүрнэл дэх бүх дүрмийг зөрчиж, зааварчилгаанаас урвасан. Түүний хувьд ном гэдэг зөвхөн үгсийг дарааллаар нь байрлуулсан биет зүйл бус, уншигч өөрөө хөдөлж, холбоос үүсгэж, утга бүтээдэг орон зай болсон билээ. Яруу найраг, жүжиг, эсээ, дүрслэл зэрэг олон зүйл оюун ухааны эл ертөнцөд нэгэн дор давхцана. Ингэж Карсон зохиолч хүн зөвхөн түүх бичээд зогсохгүй, түүхийг унших аргыг хүртэл шинээр бүтээж болдгийг харуулсан юм. Энэ бол дүрэмд захирагдалгүй туурвих эрх чөлөө, тогтсон дэгээс урваснаараа уран зохиолын ертөнцөд ямар нэгэн хил хязгаар гэж үгүйг, бий аваас түүнийг сэтгэлгээний шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүллээр хэчнээн түмэн бээр тэлж болохыг сануулсан үйл хэрэг мөн.
Сэтгэж, шинийг эрэлхийлж, тэрхүү эрэлдээ хатаж, басхүү бүтээж ирсэн хүмүүст олгодог Нобелийн шагналын мэдээг дуулгах үед Энн Карсон Рейкьявик дахь гэрийнхээ гал тогооны өрөөн суугаад жигнэмэг идэж, цай уунгаа “London Review of Books” уншиж байжээ. Тэгснээ босуут шалаа шүүрдэж байтал утас нь дуугарав. Ингээд тэр Нобелийн шагнал хүртсэнээ мэдлээ. Тэр утасны цаанаас тавьсан цөөн асуултад хариулахдаа шагналын мөнгөө бусдад хандивлах тухай өгүүлж, өөрийнх нь бүтээлтэй анхлан танилцах хүсэлтэй хүмүүст “Дундаас нь олж, тэндээсээ эхэл” гэдэг зөвлөгөө өгчээ. Харин Нобелийн шагналаа хэрхэн тэмдэглэх тухайд “Би ой руу зугаалж нам гүмийг анирдана” хэмээсэн юм. Басхүү “Амьдрал уйтгартай. Ном унших, шал шүүрдэх. Чи түүнтэй ямар нэгэн зүйлийг хийж байх хэрэгтэй шүү дээ” гэв. Ингээд л гүйцээ.