
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ирэх онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар нийт 30 айлчлал хийнэ гэж тооцоолон санхүүжилтийг нь төсвийн төсөлд тусгасан гэдгийг хэлсэн. Гэхдээ аль улс руу айлчлах нь одоогоор олон нийтэд нээлттэй бус хаалттай мэдээлэл гэдгийг онцолсон юм. Тэгвэл ямартай ч УИХ-ын дарга С.Бямбацогт 2027 онд Бүгд найрамдах социалист Вьетнам улсад айлчлахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа өнгөрсөн намар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших анхны өндөр түвшний айлчлал байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улмаар тус улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар УИХ-ын дарга ирэх жил албан ёсны айлчлал хийхээр болсноо дурдаад, энэ хүрээнд Вьетнам Улсын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болоод буй шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал болон ногоон шилжилтийн бодит ололт амжилттай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцоно гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.