
Байт харвааны дэлхийн чансааны оноо олгох “Asia Cup-World Ranking Tournament, Stage I” тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна. Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож байгаагаас рекурв төрлийн финалд шалгарлаа.
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн рекурв/70м/ төрлийн финалд залуу тамирчин Б.Оюун-Эрдэнэ шалгарсан. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эхний шатанд Монголын залуу тамирчин шийдвэрлэх харвааг хийж мөнгөн медалийн болзол хангалаа. Б.Оюун-Эрдэнэ Тайвань, Тайланд, БНХАУ-ын харваачдыг ялж финалд шалгарлаа. Тэрээр маргааш Энэтхэгийн тамирчин Ридхэтай алтан медалийн төлөө харвана.
Өнөөдөр болсон холимог багийн харваанд 15 орны баг өрсөлдсөнөөс Монгол Улсын баг мөнгөн медалийн болзол хангалаа. Азийн наадмын аварга Б.Отгонболд болон залуу харваач Б.Оюун-Эрдэнэ нарын хослол Хонгконг, Малайз, Тайваны багийг дараалан ялж финалд шалгарлаа. Манай холимог баг маргааш алтан медалийн төлөө Сингапурын багтай харвана.