
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж гүйцэтгэх захирлаа сонгожээ. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад есөн хүн материалаа ирүүлснээс ажлын хэсэг хоёр хүнийг шалгаруулж Удирдах зөвлөлдөө танилцуулсан байна. Улмаар орчуулагч, яруу найрагч М.Батбаярыг сонгожээ. Түүнийг олон нийт Мө.Батбаяр нэрээр нь, Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг орчуулгын бүтээлүүдээр нь сайн мэднэ.
Тэрээр уран бүтээлээ 2012 оноос эхэлсэн бөгөөд яруу найргийн "Намрын тэмдэгтүүд" (2015), "Бүгд өөрийн гунигтай" (2016), "Өртөөн дээр хэлэгддэг үгс" (2019) "Мөнгөн Будда авсан өдөр" (2023) найрууллын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" ном хэвлүүлжээ. Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" роман (2018), "Цусаа худалдсан тэмдэглэл", "Вэн хот", Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллэгийн түүвэр, зохиолч Инь Шүэ Юүний "Авга ах" тууж зэрэг арав гаруй бүтээл орчуулсан байна.
"Амьдрахуй" романаас сэдэвлэсэн драмын жүжгийн зохиолыг тэрбээр бичиж "Орфэй" театрын найруулагч М.Батболд найруулан тавьж байлаа.
Мөн "Пагмадулам" МУСК-ны зохиолыг хамтран бичсэн байна.
Түүнчлэн шүлгүүд нь Хятад, Япон, Испани, Англи хэлнээ орчуулагдаж байжээ.
