
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа гадаадын тусламж авч буй байгууллагуудад үр хөндөлтийг дэмжихийг хориглосон АНУ-ын бодлогыг өргөжүүлэх шийдвэр гаргасан нь дэлхий даяар эмэгтэйчүүдийг хамгаалах болон ЛГБТ+ хүмүүсийг дэмжих зорилготой НҮБ-ын хөтөлбөрүүдийг сулруулах эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулжээ.
“Гадаад тусламжаар дамжуулан хүний хөгжил цэцэглэлтийг дэмжих бодлого” (Promoting Human Flourishing in Foreign Assistance Policy) хэмээн нэрлэсэн уг бодлого нь өмнө хэрэгжиж байсан Mexico City Policy буюу АНУ-ын санхүүжилт авдаг байгууллагууд гадаад улсад үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлэх эсвэл түүнийг сурталчлахыг хориглодог дүрмийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр болж байна.
Шинэ журам өмнөх бодлогоос илүү өргөн хүрээг хамарч, АНУ-ын гадаад тусламжид илүү өргөн нөхцөлүүд тавьж байгаа юм. АНУ-ын санхүүжилт авч буй байгууллагууд одооноос эхлэн өөр ямар ч үйл ажиллагаа, тэр дундаа бусад улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хүртэл Вашингтоны үр хөндөлт, хүйсийн баримжаа (gender identity), олон талт байдлын хөтөлбөрүүдтэй холбоотой байр суурьтай зөрчилдөхгүй байх ёстой болно.
Энэхүү журам хоёрдугаар сараас хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ-ын гадаад тусламжийн олон арван тэрбум ам.долларын санхүүжилтэд нөлөөлж болзошгүй байна. Бодлогыг зөрчсөн тохиолдолд байгууллагуудын санхүүжилтийг цуцлах эсвэл өмнө олгосон хөрөнгийг буцаан татах хүртэл арга хэмжээ авах боломжтой. Шинжээчдийн үзэж буйгаар энэ арга хэмжээ нь гишүүн орнуудын сайн дурын санхүүжилтэд ихээхэн тулгуурладаг НҮБ-д өргөн хүрээний нөлөө үзүүлэх магадлалтай. АНУ нь түүхэн хугацаанд НҮБ-ын хамгийн том хандивлагч байсаар ирсэн.
Cristal Downing, International Crisis Group байгууллагын захирал хэлэхдээ “Хүний хөгжил цэцэглэлтийн шинэ бодлого нь Трампын засаг захиргааны жендэрийн тэгш байдлын эсрэг улс төрийн байр суурийг дэлхийн хэмжээнд санхүүгийн тусламжаар дамжуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ нь НҮБ болон бусад байгууллагад өргөн хүрээний нөлөө үзүүлж, сүүлийн нэг жилд улам эрчимжсэн жендэрийн тэгш байдлын дэлхий нийтийн ухралтыг улам дордуулах эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байна.
Энэхүү бодлого нь олон улсын байгууллагуудад өгдөг сайн дурын санхүүжилтэд хамаарах тул НҮБ-ын агентлагууд бусад улс орнуудын санхүүжилтээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд хүртэл АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг хангаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай болж магадгүй.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ нь НҮБ-ын өргөн хүрээний ажлуудад нөлөөлөх эрсдэлтэй. Үүнд:
Мөн зөрчилдөөнөөс дүрвэсэн ЛГБТ+ хүмүүст чиглэсэн хөтөлбөрүүд ч эрсдэлд орж болзошгүй. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг ЛГБТ+ дүрвэгсдэд зориулсан аюулгүй байр, хууль эрх зүйн хамгаалалт олгох тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Харин шинэ бодлогын хүрээнд ийм үйл ажиллагааг хүйсийн баримжаанд суурилсан хамгаалалтыг дэмжиж байна гэж үзэж, журам зөрчсөнд тооцож болзошгүй аж.
Кристал Даунингийн хэлснээр Мехико хотын бодлогын өргөтгөсөн хувилбар нь НҮБ-ын агентлагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ.
Тэрээр “Өмнөх хувилбар нь эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын сүлжээг задлахад хүргэсэн нь түүхэнд бий. НҮБ-ын хувьд энэ нь эмэгтэйчүүд болон охидод зайлшгүй шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сулруулж болзошгүй” гэжээ.
Мөн Их Британиа, Франц, Герман тэргүүтэй арван улс хамтарсан захидал гарган уг бодлого нь “эрүүл мэнд болон нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүргэлтийг хязгаарлаж, дэлхий даяарх жендэрийн тэгш байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээн анхааруулсныг НҮБ-ийн түгээсэн баримт бичигт дурджээ.