
Өмнөд Африкт нэг шөнийн дотор тус тусдаа гарсан гурван буудалцааны улмаас 30 гаруй хүн амиа алдсан хэргийг сэжигтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Өмнөд Африкийн цагдаа нар ням гарагт Йоханнесбург хотын гаднах Вест-Рэнд дүүргийн Ведела сууринд буудалцаан болж 17 хүн амиа алдаж, 15 хүн шархдав.
Бямба гарагийн орой найман үл таних этгээд зоогийн газрын гадна архи ууж байсан хүмүүс рүү буудсан бөгөөд дараа нь дотогш орж, “дотор байсан хүмүүс рүү үргэлжлүүлэн буудсан” гэж цагдаа нар мэдээлэв. Албаныхны мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдүүд гар буу болон АК-47 буугаар зэвсэглэсэн байжээ.
“Сэжигтнүүд ирж, зоогийн газрын дотор болон гадна архи ууж байсан хүмүүсийн гадна байсан хэсэг рүү гал нээсэн гэх мэдээлэл байна. Дараа нь сэжигтнүүд зоогийн газар руу орж, дотор байсан хүмүүс рүү үргэлжлүүлэн буудсан” гэж Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага X платформд бичжээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд зарим хүмүүсийг нэгжиж, гар утсыг нь авч, улмаар үл таних хоёр автомашинаар хэргийн газраас зугтсан байна.
Үүнээс тусдаа, Өмнөд Африкийн Баруун Кейп мужийн Лвандле сууринд ням гарагийн өглөө цэнгээнт үйлчилгээний газарт мөн буудалцаан болж, 10 хүн амиа алдсан юм.
Цагдаагийн мэдээллээр, зэвсэглэсэн этгээдүүд ням гарагийн өглөө тухайн газарт нэвтэрч, тэнд байсан хүмүүс рүү бууджээ. Таван хүн хэргийн газар дээрээ амиа алдсан бол шархадсан өөр таван хүн эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна.
Сэжигтнүүдийг илрүүлэхээр эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн ч баривчлагдаагүй гэж цагдаа нар мэдээлжээ. Цагдаагийн комиссар уг халдлагын цаана бизнесийн маргаан байж болзошгүй гэж мэдэгдэв.
Мөн Баруун Кейп мужид Кхайелитша сууринд бямба гарагийн орой 19:15 цагийн орчимд болсон буудалцаантай холбоотойгоор дөрвөн хүний амь хохирсон хэрэг гарчээ.
Хэргийн газраас олон удаа буудуулсан гурван эрэгтэйг олжээ. Хохирогчдын хоёр нь автомашины дотроос, гурав дахь нь автомашины хажуугаас олдсон байна. Тэднийг хэргийн газар дээр нь нас барсан болохыг тогтоожээ.
Буудуулсан дөрөв дэх хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн боловч очих үедээ шархаа даалгүй нас барсан гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ.
Одоогоор сэжигтнийг тогтоож, баривчилж чадаагүй бөгөөд халдлагын сэдэл мөн тодорхой болоогүй байна.