
Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотод болж буй залуучуудын зуны олимпын IV наадам өндөрлөхөд хоёр өдрийн тэмцээн үлдлээ. Манай тамирчдын тэмцээн өчигдөр бокс, дугуйн төрлөөр өндөрлөж, хаалтын ажиллагаанд бэлтгэж байна. Энэ удаагийн наадамд зургаан спортын төрөлд 10 тамирчин оролцсоноос жүдо, элсний чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Манай багаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн, элсний бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин нар медалийн тавцанд зогслоо.
Мөн өчигдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг "Дакар 2026" залуучуудын Олимпын наадмын туялзуур сэлэмний төрөлд медаль хүртсэн тамирчдын шагналыг гардуулжээ. Олимпын наадмын медаль гардуулах ёслол нь тамирчдын амжилтыг алдаршуулахын зэрэгцээ Олимпын хөдөлгөөний үнэт зүйл, нэр хүндийг илэрхийлдэг ёслолын үйл ажиллагаа юм. Энэ удаа Б.Баттүшиг залуучуудын олимпын медаль гардуулах арга хэмжээнд оролцлоо.
Олимпын наадмын сүүлийн өдрүүдэд гимнастик, бокс, туялзуур сэлэм, футзал, таеквондогийн төрлийн аваргууд тодорно.
204 орны баг тамирчид оролцож буй “Дакар-2026” залуучуудын олимпын наадмыг БНХАУ-ын баг 16 алт, найман мөнгө, зургаан хүрэл, нийт 30 медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Япон, ОХУ, Египет, Этиоп, Сенегал, Франц, Кени, Өмнөд Африк болон Хорватын багууд эхний 10-т бичигдэж байна. Монгол Улсын баг Беларусь, Буркино Фасо, Израйлын багийн хамтаар 78-р байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар 96 орон ямар нэгэн медаль хүртжээ.
