Гадаа хүйтэрсэн ч улс төр хэт халсан өдрүүд үргэлжилж байна. Улсын төсвийн хэлэлцүүлэг сунжирч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах акц Төрийн ордонд өрнөлөө. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавьж, Цэц маргаан үүсгэсэн учраас энэ асуудал Үндсэн хуулийнхаа зарчмаар шийдэгдээд явах биз ээ. Харин Төрийн ордны гаднаа багш нар ажил хаяж, эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагссан дүр зурагтай өдөр хоногууд үргэлжилж байна. Гэвч эдийн засгийн бодит нөхцөл энэ бүхнийг шууд биелүүлэх боломжгүй нь ойлгомжтой байгаа. Энэ онд л гэхэд түүхэндээ анх удаа УИХ-аас баталсан төсвөө 2.2 их наяд төгрөгөөр танаж тодотгов. Хэмнэлтийн уг тодотголоос харахад л төсвийн нөхцөл байдал ямархуу байсан нь ойлгогдох буй за.
Монголын эдийн засаг асар хурдацтай тэлж байсан шигээ огцом зогсонги байдал руу орсон нь ердөө л уул уурхайгаас хамааралтай. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөхөд бид төсвөө тэлж, унахад нь бүсээ чангалсаар өнөөг хүргэсэн. Дээр нь геополитикийн нөхцөл байдал дэлхийн эдийн засагт бүхэлд нь нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм хүндхэн үед бидэнд найдах ганц салбар нь уул уурхай, ганц газар нь хувийн хэвшил юм.
Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” гэсэн саалийн ганц үнээтэй явж ирсэн. Зэсийн үнийн хэлбэлзэл дагасан эдийн засаг нь өнөөдөр нүүрс болчихсон л болохоос ерөнхий дүр зургаараа уул уурхай дээр бид тогтож иржээ. Үүнийгээ дагаад баялгаа тойрч эргэлдсэн, баялгаа тойрч хэрэлдсэн улс төр л үргэлж өрнөж байна. Уул уурхайн салбарыг үргэлж чичилдэг улстөрчидтэй, бүр үзэн яддаг нийгмийн нэг хэсэгтэй болтлоо энэ хэрүүл нь даамжирсан. Газар доорх баялгийг хөрсөн дээр гаргаж, хүндээ өгөөжийг нь өгөх боломж бүрдүүлсэн хувийн хэвшлээ үргэлж “нүдээстэй” байгаагаас үүнийг харж болно. Тэгсэн хэрнээ энэ хүмүүс, бас улстөрчид уул уурхайн салбарынхны өгсөн татвар, хураамжаар өнөөдрийн хоол, маргаашийн мөрөөдлөө төлөвлөж явдаг. Ийм л урвуу тогтолцоо, буруу зарчим Монголд үйлчилж байна.
Гэтэл ганцхан түүхий эдийн үнийн савалгаа Монголын эдийн засагт яаж доргилт өгдөгийг бид шувтрах ч болоогүй байгаа 2025 оноос харж болж байна шүү дээ. Энэ оны төсвийг хэлэлцэж байсан үед нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор төсөөлж байсан бол өнөөдөр 40 гаруй ам.доллароор үнэ нь уначихлаа. Ингэж л төсвийн хэмнэлт яригдаж, багш, эмч нарынхаа цалинг нэмэх, ахмадуудынхаа тэтгэврийг өсгөх боломж хаагдсан. Харин эсрэгээрээ нүүрс дагасан хулгай луйвар хэрээс хэтэрч, хэдэн их наядаар хэмжигдэх болсон тухай яриа нээгдсэн. Энэ бол бидэнд байгалийн баялгаа зохистой ашиглах шинэ хувилбар руу орохоос өөр гарцгүйг нотолж байна. Өнөөг хүртэл явж ирсэн зам маань буруу байсныг “Нүүрсний хулгай” хангалттай харууллаа. Гэлээ гээд нүүрсээ олборлохгүй, экспортлохгүй байх боломжгүй. Харин хулгай гарах нөхцөл боломжийг нь л хааж өгөх хэрэгтэй юм. Уг нь энэ их амархан ажил. Зөөлнөөр хэлбэл, төр уул уурхайн бизнесээс гарах ёстой. Хатуугаар хэлбэл, төр өөрөө уул уурхайгаас савраа татчих хэрэгтэй юм. Тэгвэл “Нүүрсний хулгай” гэх ойлголт байхгүй болно. Өнөөдөр уул уурхайн салбарт яригдаж байгаа бүх хулгай, “Нүүрсний хулгай” ч ялгаагүй бүхэлдээ төрийн өмчит компаниуд дээр гарч байна. Тэнд л хулгай үүрлэж, шахаа нүүрлэж байгаа. Түүнээс биш хувийн хэвшлийн уурхай дээр хулгай гэх ойлголт ч байхгүй. Угаасаа хувийн хэвшил өөрийнхөө хөрөнгөөс хулгай хийнэ гэдэг логикийн хувьд ч утгагүй зүйл. Иймээс төрийн оролцоог уул уурхайгаас салгаж байж энэ бүх хулгай цэгцлэгдэнэ. Тэрнээс нааш зогсохгүй нь ойлгомжтой.
Төр оролцох тусмаа тэнд асуудал овоордог гэдгийг Тавантолгой дээрээс ч, Оюутолгой дээрээс ч харлаа. Улстөрчдийн зүтгэж байж баталсан Оюутолгойн 34 хувийг төр эзэмших шийдвэр өдгөө Монгол Улсыг хөрөнгө оруулалтын зардлын зээл, түүний хүүгийн төлбөр гэсэн том өрөнд унагаж орхисон. Хэдэн зуун сая ам.доллароор яригдах энэ өр ердөө л 34 хувийг нь заавал эзэмшинэ гэсэн бодлогын алдаатай шийдвэрээс улбаатай гэж эдийн засагчид дүгнэж эхэллээ. Уг нь хувь эзэмшихийн оронд татвар, төлбөр, хураамж, АМНАТ-өөр энэ бүхнээ орлуулаад өгөөжийг нь хүртээд явах нь нэгд эдийн засгийн ашигтай, хоёрт эрсдэлгүй хувилбар байсан гэж дүгнэцгээж байна.
Тавантолгой дээр бол бүр ноцтой асуудлууд яригдаж байна. Монгол хүн бүрийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр асуудал даамжирч, 30 их наядаар хэмжигдэх “Нүүрсний хулгай” гарсныг төрд хариуцлагатай алба хашиж буй хүмүүс ил тод мэдэгдэх болсон. Энэ бол улсаараа бүтэн жил хэрэглэх улсын нэгдсэн төсөвтэй тэнцэх хэмжээний асар их мөнгө. Ийм мөнгийг эрх мэдэлд ойр хэдхэн хүн хуваагаад хулгайлсан гээд бодохоор төр уул уурхайн орд ашиглавал хулгай л нүүрлэдэгийг харуулж байна.
Иймээс чаддаг чаддагаа хийе. Хувийн хэвшил нь уул уурхайгаа эрхлээд, төр нь татвар, хураамж, төлбөрөө яс тооцож авъя. Үнэхээр хувь эзэмшээд болохгүй бол түүнтэй дүйх Тусгай АМНАТ хүртэл гаргаж болно шүү дээ. Бид өнөөдөр үндэсний компаниудаа дэмжиж байж, уул уурхайн салбараа хийрхлээс хамгаалж байж л хөгжинө. Тэгж багш нарынхаа цалинг дэлхийн түвшинд хүргэж, эмч нарынхаа чадлыг бусдын энтэй үнэлж чадна. Цалин нэмэхийн тулд, эдийн засгийн тэлэхийн тулд уул уурхайгаас өөр түших салбар бидэнд алга. Иргэдийн хувьд ч цалинг чинь өгч байгаа хувийн хэвшлүүдээ дэмжиж, цалингаас чинь хулгайлж байгаа популист улстөрчидтэй тэмцэх цаг болсон. Улстөрчид мөнгө олохгүй, тэд нар бодлого боловсруулах ёстой болохоос уул уурхайн салбар руу уралдан орох хэрэггүй. Бид байгалийн баялгаа зохистой ашиглая гэвэл баялаг бүтээхийг хувийн хэвшилдээ даатгаад, баялгийн хуваарилалтаа төр нь оновчтой зохиоход л болно. Бас төрийн бодлого тогтвортой байх нь энэ салбарын, цаашлаад Монгол Улсын хөгжлийн үндэс байх болно гэдгийг онцлох ёстой байх.
Засгийн газар дээр яг одоо ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид буюу хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээний ширээний ард суугаад байна. Үндэсний баялгийн санг арвижуулах, өгөөжийг нь ард түмэнд илүү хүртээх дээр хоёр тал санал нэгдэж байгаа гэж ойлгосон. Тавантолгой, Нарийнсухайт, Шивээ овоо зэрэг нүүрсний ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Ерөөс баялгийн хулгайгаас ангижръя гэвэл хувийн хэвшилтэйгээ хамтрахаас өөр сонголтгүй.
Уул уурхайн баялгийг тэд л хамгийн зөв менежментээр удирдаж, эдийн засагтаа үнэлж барахгүй нэмэр болж байгааг үгүйсгэж болохгүй юм. Тэдний төлсөн татвар, хураамжаар л төрийн албан хаагчдын цалинг тавьж, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг төлж, ахмадууд, халамж шаардлагатай иргэдийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг өгч байгаагаа мартаж болохгүй юм. Харамсалтай нь, өнөөдөр манайд иргэдийнхээ мэдээлэл дутмаг байдлыг ашиглаж үндэсний хувийн компаниудаа өстөн дайсан мэтээр ойлгуулж, улс төрийн ашиг хонжоо олдог бүтэн бүлэг үүсчихлээ. Угтаа бол хувийн хэвшил, төрийн менежмент хоёр ямархуу зөрүүтэй явааг багахан судлахад л багцаалдаж болохоор юм билээ. Ганцхан жишээ дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон даруйдаа “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-ийн баг томилж, бодит нөхцөл байдалтай өөрийн биеэр газар дээр нь танилцсан байдаг. Ингээд энэ үеэр илэрсэн үйлдлүүдийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэрийг уурхайгаасаа 18 км-ын цаана байрлуулж, зөвхөн нэг машин нүүрс тээвэрлэх зардалд 1.5 сая төгрөг зарцуулж байсныг илрүүлснээ хэлсэн. Тэгвэл энэ тухай өмнө нь “Энержи Ресурс” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл ч олон нийтийн сүлжээнд бичиж байсан аж. Тэрээр “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн гурван модуль 2011, 2012, 2013 онд тус бүр ашиглалтанд орж, жилдээ 15 сая тонн нүүрс хүлээн авч, хольж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 100 хувь монгол инженер-техник, ашиглалт, засварын баг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байна.
Нүүрсээ хямдруулан өгч бартертаж бариулсан үйлдвэрээ уурхайгаасаа 20 км зайд байршуулаад, сүр дулиантай тууз хайчлаад, туршилт зүгшрүүлэлт хэмээн 18 сар ухнатаад хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна хэмээн баяр баясгалантайгаар олон нийтэд мэдээлсэн бол хувийн хэвшлийн компанид удирдлага нь ташраараа шууд халагдана” гэсэн нь нэгийг өгүүлж буй биз ээ.