
МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн зүйл заалт зөрчигдөж байгаа тул үндэсний хэмжээний сонирхлын маргааныг үүсгэх эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Сонирхлын маргааныг даваад хамгийн эцсийн арга хэрэгсэл болох ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нөхцөл байдал ч үүсэхийг үгүйсгэхгүй"
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай “Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь ажилчдыг тэтгэвэрт гаргахгүйгээр ажлын байран дээр нь “хатаах” зорилготой. Тэтгэврийг 5 жилийн дунджаар бодож байсныг 10 жилийн дундаж болгон оруулж ирж байгаа нь ажилчдаас маш их мөнгө хулгайлах нөхцөл үүсгэлээ"
Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг "Нийтдээ 43 салбарын 930 гаруй ажил мэргэжил дээр хүнд нөхцөлд ажилладаг ажилтнууд байгаа. Ажлын байрны эрсдэлт нөхцөл арилаагүй байхад тэтгэврийн насыг уртасгана гэдэг нь илт хууль зөрчсөн, ажилчдын аюулгүй байдал, амь насанд эрсдэлтэй үйлдэл. Хуулийн төслийн ерөнхий шаардлага дээрээс “УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албан хаагчдын 25 жил нийгмийн даатгал төлсөн бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгоно” гэдэг заалтыг хасаж байгаа нь энэ салбарт ажиллаж байгаа, ялангуяа Онцгой байдлын албан хаагчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо" гэв.