
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1005 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 985 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Нийтийн албан тушаалтан Б.Э нь хаягийн тодорхойлолтгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгч иргэн А.Б, Б.Б, Г.Э нараас олон удаагийн үйлдлээр хахууль авсан гэх,
Иргэн С.Г, Н.Б нар галын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулах зорилгоор нийтийн албан тушаалтан Б.М-д хахууль өгсөн гэх зэрэг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.