
УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учралыг томилсон. Тэгвэл Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өнөөдөр шинээр байгуулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Шинээр байгуулагдах Засгийн газрын ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдгүй ажиллана гэдгийг Ерөнхий сайд нэгэнт илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийг 2-3 яам бууруулах яриа гарсан ч ХҮН, ИЗНН-аас гадна Үндэсний эвсэлтэй хамтарсан танхим бүрдүүлэхээр төлөвлөж байгаа тул яамдын тоог хэвээр хадгалах төлөвтэй байна.
Харин сайд нарын томилгооны тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болсон боловч МАН-ын дотоодод тохироо яг одоо хийгдэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Занданшатарын Засгийн газраас МАН-ын 2-3 сайд ажлаа үргэлжлүүлэх нь баталгаажиж буй бөгөөд бусад нь солигдоно гэсэн мэдээлэл байна. Мөн сайд нарын томилгоон дээр МАН-ын дотоод зөрчил дахин хурцдаж буй бололтой. 38:30-аар хуваагдсан МАН-ын бүлгийн сайд нарын тоон дээрээ тохирч чадахгүй байгаа бөгөөд цөөнхийн тал нь таван сайдын суудал нэхэж буй гэсэн мэдээлэл байна.