“Friends” цувралаараа алдаршсан жүжигчин 2023 Мэттью Перригийн эмч 30 сарын хорих ял сонслоо.
Жүжигчин эр кетамин хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн нас барсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан бөгөөд нас барахаас нь өмнөх долоо хоногуудад түүнд кетамин нийлүүлсэн эмч Сальвадор Пласенсиа-д АНУ-ын холбооны шүүх 30 сарын хорих ял оноов.
Ял сонсохын өмнө Пласенсиа Лос Анжелесийн холбооны шүүх дээр Перригийн гэр бүлээс уучлал хүсч, жүжигчинд анхаарал халамж тавих тангарагаа зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ. “Би ноён Перригийн эрүүл мэндийн асуудалд алдаа гаргасан. Түүний гэр бүлд ч бас. Би түүнийг хамгаалах ёстой байсан” гэж Пласенсиа хэлсэн байна. Пласенсиа энэ оны долоодугаар сард кетамины хууль бус түгээлтийн дөрвөн зүйл ангиар буруугаа хүлээн зөвшөөрсөн ч Мэттью Перриг үхэлд хүргэсэн тунг өгсөн эсэх нь тогтоогдоогүй. Прокурорууд түүнд 3 жил хорих ял өгөхийг хүссэн байжээ.
Шүүгч Шерилин Пийс Гарнетт Пласенсиагийн өмгөөлөгчдийн хэлсэн “Пласенсиа анх Перригийн сэтгэл гутралыг эмчлэх зорилготой байсан” гэх үндэслэлийг няцаагаад “эмч хүн атал өвчтнийхөө донтох байдлыг ашиглан, өөрийн ашиг орлогын төлөө мөлжсөн” гэж хэлжээ. Тэрээр мөн Пласенсиа Перритэй богино хугацаанд харилцахдаа 55 мянган ам.долларын төлбөр авсан болохыг дурдав. “Хэрэв энэ хэрэг өөр төрлийн мансууруулах бодистой холбоотой байсан бол бид хамаагүй урт хугацааны ялын талаар ярих байсан” гэж нэмж хэлжээ.
Холбооны прокурор Иан Янниелло Пласенсиаг “Тэр бол мэргэжлийн хайхрамжгүй эмч биш. Харин цагаан халадтай хар тамхины наймаачин” гэжээ.