
Германд шинэ хайлтын систем нээгдэж, хүмүүс төрөл садан нь нацист байсан эсэхийг шалгах боломжтой боллоо.
Нацист намын бүртгэлийн мэдээллийг хайж, өвөг дээдэс нь албан ёсны гишүүн байсан эсэхийг тогтоох боломж олгодог уг шинэ хайлтын системийг энэ сарын эхээр нэвтрүүлснээс хойш хүмүүс олон сая удаа ашигласан байна.
Асар том энэхүү мэдээллийн санг Германы Die Zeit сонин “буруу ойлгогдсон ичгүүрээс үүдэлтэй дуугүй байдлыг эцэс болгох” зорилгоор олон нийтэд нээлттэй болгожээ. Тус системийг Герман болон АНУ-ын архивуудтай хамтран ажиллуулж байгаа аж.
Дэлхийн I дайны дараа байгуулагдсан Нацист нам нь Их хямралын эдийн засгийн сүйрэл хүртэл төдийлөн дэмжлэг авч чадаагүй ч 1930 оны сонгуулиар огцом өссөн байна. Гурван жилийн дараа Адолф Гитлер засгийн эрхэнд гарч, бусад бүх намыг татан буулгаж, Германы амьдралын бүхий л салбарыг хянасан бүх нийтийг хамарсан хөдөлгөөнийг бий болгосон.
1930-аад оны сүүл гэхэд “германчуудын дийлэнх олонх нь Гитлер болон нацист төрийг дэмжиж байсан” гэж АНУ-ын Холокостын дурсгалын музей мэдээлжээ.
Die Zeit сонины мэдээлснээр 1925–1945 оны хооронд 10.2 сая герман иргэн намд элсэн, Дэлхийн II дайны төгсгөлд гишүүдийнх нь тоо 9 сая орчимд хүрсэн байна.
Дайны төгсгөлийн үед нацистууд гишүүдийнхээ бүртгэлийн картуудыг устгахыг оролдсон ч сүүлчийн мөчид аврагдаж, дараа нь америкчуудын гарт шилжжээ. Эдгээрийг эхэндээ Берлиний баримт бичгийн төвд хадгалж байгаад дараа нь Германы Холбооны Архивт шилжүүлсэн ч хуулбарууд нь АНУ-ын архивт хадгалагдаж байна.
Die Zeit сонины төлөөлөгч CNN-д хэлэхдээ шинэ сайт олон сая удаа хандалт авч, олон мянган удаа бусадтай хуваалцсан гэжээ.

Die Zeit-ийн түүхийн хэлтсийн дарга Кристиан Штаас хэлэхдээ уг хайлтын системд хандах сонирхол асар өндөр байгааг онцолсон. Жилд дунджаар 75 000 хүн Германы Холбооны архиваас ийм мэдээлэл хүсдэг бөгөөд АНУ-ын Үндэсний Архив мэдээллийг онлайнаар нээлттэй болгосны дараа эрэлт ихсэн, сайт түр хугацаанд доголдож байжээ.
Die Zeit эдгээр бүртгэлд нэвтрэх эрх авч, хиймэл оюун ухааны тусламжтай “хялбар хайлтын боломж” боловсруулсан байна. “Энэ сонирхол харьцангуй шинэ үзэгдэл мэт байна. Нацист намын гишүүд, эсвэл дайны гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь "байхгүй болсон" хүмүүсийг гэр бүлийнхээ түүхийн талаар асуухад илүү амар болгож байгаа байх” гэж Штаас хэлжээ.
“Санал асуулгаар маш цөөн герман хүн өвөг дээдэс нь нацист дэглэмийг дэмжиж байсан гэж хариулдаг, харин олон хүн гэр бүл нь Гитлерийг эсэргүүцэж байсан гэж үздэг. Энэ үнэн байх боломжгүй. Магадгүй манай хайлтын систем хүмүүсийг өнгөрсөн түүхээ илүү бодитоор харахад туслах байх” гэж тэр нэмж хэлжээ.
Хайлтын үр дүнгээс өөрсдийнх нь сэжиг батлагдсан хүмүүс сэтгэгдлээ хуваалцжээ.
“Katha1927” нэртэй хэрэглэгч “Одоогоор миний сэтгэл маш будлиантай байна. 1931 онд элссэн нь илүү муу юу? Энэ бүхэнд эртнээс итгэсэн хэрэг үү? Эсвэл 1941 он гэхэд аль хэдийн ихийг мэдэж байсан байж таарах уу?” гэж бичсэн байна.
“dudettes” нэртэй өөр нэг хэрэглэгч “40 гаруй жил өвөг эцэг маань гишүүн байсан эсэхийг бодож явлаа. Тэр нацистын үеийн төмөр замын инженер байсан бөгөөд дайны талаар яригдах бүрд уурладаг байсан. Одоо хариултаа оллоо. Сэтгэл минь маш их өвдөж байна” гэжээ.
“Aunt Horst” нэртэй хүн гэр бүлийн судалгаагаа өмнө нь еврей гаралтай салбар дээр төвлөрүүлж байсан бөгөөд еврей эмэгтэйн ‘ари гаралтай’ нөхөр 1933 онд нацист намд элссэн” болохыг олж мэдсэн байна. “Түүний эхнэрийг 1942 оны тавдугаар сард Кульмхоф устгалын лагерьт ачааны машины яндангийн утаагаар хөнөөсөн” гэж бичжээ.
Лондон дахь Виенэр Холокастын номын сангийн захирал Кристин Шмидт уг хайлтын системийг “нацист үеийн судалгаанд маш том дэвшил болсон” гэж үнэлсэн байна. “Оргил үедээ нацист нам 8 сая орчим гишүүнтэй байсан бөгөөд хүмүүс эдийн засгийн хүнд байдал, үндсэрхэг үзэл, харизмтай удирдагчийн нөлөө, эсвэл антисемит үзлээс шалтгаалан элсэж байсан” гэж тэр хэлжээ.
Тэрбээр мөн энэхүү архивын мэдээллийг ил тод болгосон нь “энэ үеийн аймшигт үйл явдлуудтай үндэсний болон олон улсын хэмжээнд нүүр тулахад том алхам” болсон бөгөөд “Холокастын түүхийн талаар буруу мэдээлэл нэмэгдэж буй энэ үед эх баримтын үнэ цэнийг сануулж байна” гэж нэмж тайлбарлажээ.