
Бичих гэдэг чухам оюуны үйл хэрэг мөн. Харин аливаа бүтээлд яг юуг өгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байх аваас л мөнөөх үйл хэрэг уран бүтээлчтэйгээ хамт мөхдөг. Тэгэхээр үзэл санаа, дүр, орон зай, уур амьсгал, өгүүлэгдэхүүн гээд бүгд л зохиолд туйлын чухал. “Түгжин” туужид үйл явдал өрнөх тэрхүү орон зайг нуршин тоочилгүйгээр дүрүүдийн оюуны орон зайд бүтээж, илэрхийлсэн нь онцгой анхаарал татна.
Ийнхүү “Хар муур” хэвлэлийн газраас уншигчдад хүргээд удаагүй байгаа “Түгжин” андеграунд туужийн талаар зохиолч, сэтгүүлч Ө.Үлэмжтөгстэй ярилцлаа.
- Уншигчдад хүргээд удаагүй байгаа шинэ туужийн тань талаар яриагаа эхлэх нь зөв байх. “Түгжин” туужаараа хөндөхийг хүссэн гол үзэл санаа юу байв?
- Товчхондоо гэхэд “Түгжин” тууж бол “Түгжихүйн онол”-оор гэгээрэлд замчлах гарын авлага юм. Гэгээрлийг хүмүүс маш олон жилийн бясалгал, хоосрол, хатуу сорилтыг туулж, махан биеийн хүсэл шуналаа огоорч байж хүрдэг хүршгүй холын бэрх зам гэж ойлгодог. Гэтэл гэгээрэх нь ердөө гэрээсээ дэлгүүр гараад талх аваад ирэх шиг энгийн зам бол яах вэ? Түгжин сүсэгтнүүддээ, “Хаана байна, тэндээсээ сэр. Юу байна, түүгээрээ гэгээр” гэж сургадаг. Хүнийг юу хөглөж, юу автуулж байна, яг тэр агшиндаа ухамсраа хурцлан сэрж, сүнсээ гэгээрүүлж болохыг Түгжин өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг юм.
- Өмнө нь Рю Мүракамигийн “Нэвт харагдах цэнхэр” гэх бүтээлийг уншиж байсан. Харин таны туужид мансуурах, түүнд донтох үйл явцаас илүүтэй, шинэ үзэл санаа, эрх чөлөөний талаар хөндсөн өгүүлэмжтэй байсан л даа. Энэ талаар?
- Номын редактор маань “Бараг л нэвт харагдах цэнхэр”-ийг харьцуулж уншихыг санал болгосон ч би татгалзсан. Аливаа нэг зохиолчийн, зохиолын тусгал, сүүдрийг өөрийн бүтээлдээ бага ч атугай тусгахыг хүсээгүй болоод тэр. Утга учиргүйгээр донтон мансуурч, ухамсрын хоосон орон зайгаа мансуурлын утаанд дүүргэх, онгод юугаан хөглөж, сэтгэлгээний орон зайгаа чөлөөлөх хоёрт асар том ялгаа бий гэж ойлгодог. Тийм болохоор ухамсраа чөлөөлөх, сэтгэлгээний ханыг нурааж, дээд мэдлэгийн орон зайд хүрч болох гаргалгааг зохиолдоо тусгасан. Харин туйлын агуу зорилгодоо хүрэхийн тулд юуг уналга, хэрэгсэл болгон ашиглах нь дараагийн асуудал.
- Яагаад заавал шашин гэх агуулга дээр гол үйл явдлаа өрсөн юм бол?
- Нийгмийн хэв загвар, эрх мэдлийн хуваарилалт, нийтээр даган мөрдөх ёс зүйн асуудал, философи сэтгэлгээг хамгийн ёжтойгоор, “dark comedy” хэлбэрээр хөндөж болох талбар нь шашины бүтэц байсан. Тийм ч учраас энэ өрөг дээр зохиолын үзэл санаагаа өрсөн.
- “Дурлан дурлан урлан”-гийн залуусын дүрүүд үйл явдал өрнөлдөө хүрэх үед нэгэнтээ анхны үзэл санаанаасаа урваж, хоорондын нэгдэл задрах тийшээ ханддаг. Эл өгүүлэмж мөнөөх л хүний шунал, магадгүй цаашид ирэх үйлээс эмээх айдас зэрэг чанаруудтай холбоотой байна уу, ерөөс уншигчдад дэлгээгүй, нууцалж орхисон өөр ямар нэгэн зүйл бий юу?
- Буй биеэрээ гэгээрлийн замыг нээж, тухайн онол номлолыг дэлгэрүүлсэн анхны гэгээнтний сургаалийг залгамжлагчид нь хэрхэн завхруулж, эрх мэдэл, эд хөрөнгө төвлөрүүлэх бурангуй шашны каст яаж үүсгэдэг вэ? Хуурамч шүтээн, мухар сүсгийн шажин ямар замаар вирус адил тархдаг болохыг л ёгт дүрслэхийг зорьсон нь тэр.
- Та өмнө нь абсурд роман, триллер өгүүллэгийн түүврүүд хэвлүүлж байсан. Энэ удаад андеграунд тууж уншигчдад хүргэлээ. Ер нь андеграунд гэж таныхаа яг ямар ойлголт вэ?
- Андеграунд хөдөлгөөн нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн мэйнстрим соёл, төрийн цензур, арилжааны систем хийгээд ноёрхогч үзэл суртлын эсрэг чиглэсэн соёл, урлагийн акц болж анх бүрэлдсэн байдаг. Тиймдээ ч нийгмийн дийлэнх олонхын баримталдаг ёс суртахуун, эстетик, улс төрийн хэм хэмжээг эвдэх, шүүмжлэх эрх чөлөөг андерграунд үзэл санаа олгодог гэж хувьдаа ойлгодог. Бүтээл зарагдах магадлал, санхүүгийн ашиг эсвэл зөвшөөрөгдсөн цензурт тохируулж туурвидаггүй нь маш том эрх ямба шүү дээ.
- Туужид бичсэнээр Түгжин шашны түгээж байгаа үзэл санаа үнэхээр ололт мөн үү?
- Ололт байлгүй яахав. Энэ бол шинэ эриний сургаал. Түгжин бол яг өнөө үеийнхний сэтгэхүй, хэлээр ярьж чадах бурхан мөн. Тэр бол Андерграунд Мессиа-Рок будда-Хиппи гэгээнтэн мөнөөсөө мөн. Харин шашин бол бурангуй тогтолцоо.
- Туужид мөн итгэл үнэмшлийн талаар хөндсөн байсан. Мэдээж итгэл үнэмшил бол амьдралын хэв маяг биш. Дэлхий дээр ийм төрлийн хэдэн зуун бүтээлүүд бий байх л даа. Уран сэтгэмжийг мэдээж ахуйтай шууд холбоод байхгүй ч нэг талаас эл бүтээлийг мансууруулах бодис сурталчилсан гэх шүүмжлэл дагалдаж магадгүй юм...
- Би тийм зүйлийг суртачилан, өдөөн хатгасан гэж бодохгүй байна. Харин ч мансуурсан олон тархинууд нэг дор цуглавал ямар аймшигтай каст бий болгож, донтогчдыг манкурт боол болгох эрсдэлтэйг хөнгөн, егөөдсөн маягаар хөндсөн гэж ойлгож болно. Хар тамхи ч, шашин ч ялгаагүй мунхруулагч, донтон шүглүүлэх шидтэй зүйлс.
- Ер нь таны итгэл үнэмшил яг юун дээр тулгуурладаг бол, үүнд шинэ туужийнхаа үзэл санааг харгалдуулан хариулж болох уу?
- Гэгээрэл бол гадаад ертөнцийг бус өөрийнхөө дотоод руу нэвтэрч танихаас эхлэх болов уу. Туйлын зорилго маань амьдран буй мөн чанараа олох, “БИ”-гээ таних явдал. Тиймээс ч энэ бүтээлдээ алирагч, архаг донтон Алин хэрхэн “Түгжин” болж, ухамсраа нээж байгааг дүрийн өсөлтөөр харуулахыг зорьсон.

- “Хар муур” хэвлэлийн газраас мөн энэ чиглэлийн алдартай бүтээл болох “Алисагаас асуу” номыг хэвлэн гаргаж байгаа. Нэг төрлийн сэдэв, өгүүлэмж хөндсөн тус бүтээлүүдийг гаргах болсон шалтгаан юу байв?
- Өсвөр насныхан, залуус дүү нараа 15 настай охины бодит тэмдэглэлийг уншиж, сургамж сэрэмж аваасай гэж хүссэнийх. Өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахад саад бэрхшээлтэй байгаа. Тэдэнтэй ойлголцож, тэдний хэлээр ярилцаж чадахгүй байгаа олон эцэг, эхчүүдэд энэ ном тус болно гэдэгт итгэлтэй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ сонсдоггүй. Өөрсдөө үглэж сургамжлахыг л өмнөө барьдаг. Нэг хайрцагт хүүхдээ барьж хорихыг хүчлэн оролддог. Энэ нь эргээд маш том ан цав үүсгэхвий.
- Танай паблишинг цаашид ямар төрлийн бүтээлүүдийг уншигчдад илүүтэй хүргэхээр зорьж байгаа вэ?
- Нэн тэргүүнд “Pocketbooks” цувралын 20 номоо хэвлэж дуусгахыг зорьж байна. Бид голцуу андерграунд, триллер, урбан хэв маягийн зохиолуудыг сонгон хэвлэн нийтэлж байгаа. Дараа нь “Хар муур” хэвлэлийн газрыг хамтран үүсгэн байгуулсан Б.Манлайцогт бид хоёрт ярьсан, төлөвлөсөн олон төслүүд бий. Тэр бүхэн рүүгээ ээлж дараатай орно доо.