
Хятадын үл хөдлөх хөрөнгийн томоохон компани “Эверграндэ”-г үүсгэн байгуулагч Хуй Ка Ян хөрөнгө шамшигдуулах, компанийн авлигын хэрэг зэрэг хэд хэдэн ялд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн талаар шүүхээс мэдээлжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 13, 14-нд Шэньжэнь хотод болсон нээлттэй шүүх хуралдааны үеэр гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү үйл явдал нь “Эверграндэ”-ийн дампуурлын дараах хамгийн чухал эргэлтийн нэг гэж шинжээчид үзэж байна. Тус компанийн уналт Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчтэй доргилт өгч, хөрөнгө оруулагчид болон дотоодын банкуудад ихээхэн хохирол учруулсан юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр компани орон сууц худалдан авагчдаас урьдчилгаа байдлаар авсан олон сая ам.долларыг барилгын ажилд ашиглалгүй, шинэ төслүүд рүү шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Үүний улмаас Хятад даяар олон зуун барилга дутуу баригджээ.
Хуй Ка Ян нь хөдөө орон нутагт эмээгийн гар дээр өссөн бөгөөд 1996 онд “Эверграндэ”-г байгуулж, Хятадын үл хөдлөхийн салбарт хурдацтай өссөн байна.
Тус компани 2021 онд их хэмжээний өрөнд орж, үйл ажиллагаа нь нуран унасан. Дампуурах үедээ Хятадын 280 хотод 1300 орчим төсөл хэрэгжүүлж байжээ. Мөн ойролцоогоор 300 тэрбум ам.долларын өртэйгөөр дэлхийн хамгийн их өртэй барилгын компани гэгдэж байсан юм.
2020 онд Бээжин үл хөдлөхийн салбарын өрийг хязгаарлах шинэ журам нэвтрүүлснээр “Эверграндэ” санхүүгийн дарамтад орж, үл хөдлөхүүдээ хямд үнээр борлуулахад хүрсэн байна.
2024 оны гуравдугаар сард Хуй Ка Янд 6.5 сая ам.долларын торгууль ногдуулж, хөрөнгийн зах зээлд насан туршид нь оролцохыг хориглосон. Түүний компани орлогоо 78 тэрбум ам.доллараар хэтрүүлэн мэдээлсэн нь тогтоогджээ.
Тэрбээр 2017 онд 42.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Азийн хамгийн баян хүн болж байсан юм. “Эверграндэ” зөвхөн барилгын салбараар зогсохгүй цахилгаан автомашин, хүнс, ундаа үйлдвэрлэлд оролцож, Хятадын хөлбөмбөгийн Guangzhou FC клубыг худалдан авч байжээ.
Харин бүх луйвар нь ил болоход компанийн үнэлгээ 99 хувиар буурч, хувьцааг нь 2025 оны наймдугаар сард Хонконгийн биржээс хассан байна.