
Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро АНУ-ын цагдан хорих төвд авахуулсан анхны зургаа өөрийн X болон Telegram сүлжээнд нийтэлжээ. Энэхүү зураг нь АНУ болон Венесуэлийн талууд газрын тосны хэлэлцээр байгуулснаас хоёр хоногийн дараа олон нийтэд цацагдсан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчнийхэн Николас Мадурог эхнэр Силиа Флоресын хамт Каракас хотоос баривчлан Нью-Йорк дахь хорих ангид шилжүүлсэн юм. Хар тамхины наймаа, зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгагдаж байгаа Венесуэлийн удирдагч асныг яллах шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хийхээр товлоод байгаа аж.
Мадуро нийтэлсэн зургийнхаа тайлбарт "Энэхүү зургийг ач, зээ нартаа болон бидэнд сайн санаж явдаг хүүхэд залуустаа зориулав" хэмээгээд Венесуэль улс эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Зураг дээр тэрээр саарал спорт хувцастай, гараараа энх тайвны бэлгэдэл үзүүлсэн байх ба өмнөхөөсөө нэлээд турсан харагдаж байна. Уг зургийг 6 дугаар сарын 25-ны өдөр буюу Венесуэлийн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны маргааш авсан болохыг зургийн огноо харуулж буй аж.
Одоогоор Мадуро хорих ангид байхдаа интернет болон сонин хэвлэл ашиглах эрхгүй байгаа төдийгүй зөвхөн гэр бүл, өмгөөлөгчтэйгээ сард 300 минут хүртэлх хугацаагаар утсаар ярих боломжтой. Энэхүү зураг нийтлэгдэхээс хоёр хоногийн өмнө Венесуэлийн түр ерөнхийлөгч Дельси Родригес АНУ-ын газрын тосны компаниудад тус улсад үйл ажиллагаа явуулах эрх олгох түүхэн хэлэлцээр байгуулснаа зарласан юм. 25 жилийн хугацаанд хэрэгжих хэлэлцээрийн хүрээнд Венесуэлийн 17 стратегийн газрын тосны ордыг хөгжүүлж, олборлолтыг өдөрт 1.5 сая баррельд хүргэхээр төлөвлөжээ.