
Хятадын нийслэл Бээжин хотын хүн амын 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 2035 он гэхэд гуравны нэг орчимд хүрч, тус хот хүн амын насжилт нэн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байгааг төрийн мэдлийн Beijing Daily сонин мэдээлжээ.
Хятадын бодлого боловсруулагчид хүн амын төлөвлөлтийг улсын эдийн засгийн стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг болгож байна. Ройтерс агентлагийн тооцоолсноор, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд засгийн газраас гаргаж болзошгүй нийт зардал ойролцоогоор 180 тэрбум юань буюу 26.92 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Бээжин хотын гурван оршин суугч тутмын нэг нь 2035 он гэхэд 60 ба түүнээс дээш настай болно гэж Beijing Daily сонин бямба гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар Бээжин хотод 60 ба түүнээс дээш насны 5.29 сая байнгын оршин суугч байсан нь нийт хүн амынх нь бараг дөрөвний нэгтэй тэнцэж байсныг тус сонин мэдээлсэн байна.
Мөн хотын захиргаа ахмад настнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, үүнийхээ хүрээнд суурь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг тайланд дурджээ.
Хятадын хүн ам 2022 оноос хойш буурч байгаа бөгөөд насжилт нь хурдацтай нэмэгдэж буй аж. Энэ нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, өрийн хэмжээг хязгаарлах засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Тэтгэврийн санхүүжилт хэдийнэ хүнд дарамтад орсон энэ үед хэдэн зуун сая хүн хөдөлмөрийн зах зээлээс гарахаар болжээ.
Хүн ам зүйчид болон эдийн засагчдын үзэж буйгаар, өнөөдөр төрөлт буурах нь цаашид өрхийн тоо цөөрч, хэрэглээний өсөлт удаашрахад хүргэж болзошгүй юм.